Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ болон НҮБ хамтран ажиллана

Огноо:

,

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Энэ хүрээнд Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Нэг төвт хотоос Олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөж ШИНЭ ДЭД ТӨВ-үүд бий болгох суурь инженерийн “Дэд бүтэц” болон нийгмийн барилга байгууламжийн ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хөтөлбөрийн I шатны хүрээнд Сэлбэ (156 га), Баянхошуу (162 га) дэд төвүүд нь нийт 318 га газарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, НҮБ-ын суурин зохицуулагч ноёнТапан Мишра, АХБ-ны Монгол Улс  дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ноён Арнауд Хекманн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Элейн Конкиевич, НҮБ-ын Хүүхдийн сангийн орлогч төлөөлөгч хатагтай Специоз Хакизимана болон НҮБ- ын Хабитатын үндэсний төслийн менежер хатагтай Ш.Энхцэцэг нар газар дээр нь ирж танилцан, төсөл хэрэгжилтийн үр дүн болон цаашид гэр хорооллын төслүүдийг хэрхэн уялдуулан хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Зочдыг төслийн зохицуулагч Д.Авирмэд хүлээн авч төслийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.

Уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран НҮБ-ын төлөөлөл Гэр хороололд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцан цаашид НҮБ-ын харьяа байгууллагуудтай гэр хорооллыг хөгжүүлэхэд эрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Тэрээр гэр хороололд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг НҮБ-ын бусад төсөл арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжсэнээр илүү үр дүнтэй байх болно хэмээсэн бол НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Өнөөдөр УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудтай газар дээр нь ирж танилцлаа. Хотын гэр хорооллын бүсэд хотын төвөөс илүү тав тухтай цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төв, Спорт цогцолбор, Цэцэрлэгт хүрээлэн гээд дэд төвийн иргэдэд хэрэгцээтэй олон бүтээн байгуулалт хийгдэж, эхнээсээ ашиглалтад орсон байгааг харах таатай байна. НҮБ-ын зүгээс энэ том бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж дээр тулгуурлан иргэдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой. НҮБ-ын салбар байгууллагууд болох UNDP, UNICEF, UNHABITAT гэх мэт байгууллагуудаараа дамжуулан дэд  төвд оршин суугаа иргэд руу чиглэсэн хөтөлбөрүүд дээр тухайлбал UNDP-ээс гэр хорооллын залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа, UNICEF-ээс дэд төвд хүүхэд хамгааллын чиглэлээр ялангуяа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх болон хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, мөн байгаль хамгаалал,  ногоон орчин бий болгох гэх зэрэг олон талд хамтран ажиллах боломж байна.” гэлээ.  

Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.

Ийнхүү УБ хотын Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ болон НҮБ хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Малын хорогдол 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгал газар дээр нь ажиллана

Огноо:

,

Шуурхай бүлгийн 3-р бүлэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдад ажиллаж, Сумдын онцгой комиссыг хурлыг зохион байгуулсан.

Мөн тус сумдын 26 өрхийн 50 гаруй малчидтай уулзан хүн эмнэлэг болон мал эмнэлэгийн үйлчилгээ, хүнсний багцын тусламж үзүүлсэн бол одоо Галт, Шинэ Идэр сумдад ажиллаж байна.

Сумдын шуурхай штабтай хийсэн өргөтгөсөн хурлаар Засгийн газрын 2024 оны 62 дугаар тогтоолоор 2 дугаар сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4 дэх хэсгийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Шуурхай багаас Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс Хөвсгөл аймагт туулах чадвартай 8 машин дайчилснаас Галт, Шинэ Идэр сумдад тус тус хуваарилжээ.

Айл бүрийг чиглэсэн зам гаргах хүндрэлтэй учир нэн яаралтай чиглэлийн замыг машин техникийг дайчлан нээж байна. Мөн сургуулийн 60 гаруй хүүхдийг сургуульд нь татан авчирч байрлуулах арга хэмжээ авах юм байна.

Шинэ Идэр сумын малын хорогдол 5.3 хувь хүрсэн. Хэрвээ 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэнэ.

Галт суманд 50 хувийн хөнгөлөлттэй 30 тонн тэжээл аймгийн нөөцөөс өгсөн бол Шуурхай бүлэг 5 тонн тэжээл шийдвэрлэв.

Шинэ Идэр сум өмнө нь 50 тонн тэжээл шийдвэрлэсэн бол шуурхай бүлэг нэмж 5 тонныг шийдвэрлэжээ. Сум, аймгийн нөөц дууссан тул санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Онцгой комисс дээр ярьж шийдвэрлэхээр тогтов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Халиа тошин үүссэн байршлуудаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна. Өдрийн цагаар мөсийг хагалж бөөгнүүлэн, шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зөөж, шилжүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-н гэхэд уг ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа учраас техник технологийн болон хүн хүчний боломжит нөхцөлийг ашиглан, уртасгасан цагаар, шахуу ажиллаж байна” хэмээв.

Хувийн хэвшлийн 25 аж ахуйн нэгжээс мөс зөөхөд хамтран ажиллах санал ирснээс техник технологийн бүрэн байдлыг хангасан 12 аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм. Нийслэлийн 33 байршилд халиа тошин үүссэнээс Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Халуун сэтгэл" малчдадаа туслах аянд нэгдэхийг уриалж байна

Огноо:

,

Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Аяныг 2 дугаар сарын 24-ны Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНТ-ээр шууд нэвтрүүлэх бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.

Малчдад туслах аянд нэгдэхийг хүссэн хувь хүн байгууллага бүрт нээлттэй бөгөөд хандивын аян зохион байгуулж байгаа бусад хувь хүн, байгууллагыг нэгдэн төвлөрөхийг уриалж байгаа юм байна. Аян шууд дамжуулалтын үеэр МҮОНРТ дээр тусгай цэг ажиллуулж, эд материалыг тусламжийг бүртгэн хүлээх авах ажлыг зохион байгуулах аж.

Санаачлагчид тусгай данс нээж, цугласан хандив тусламжаар хэрэгцээтэй эд зүйлсийг судлан авч, нэн даруй хүргэх ажлыг гардан зохион байгуулахын сацуу гар бие оролцох бүх хүнд нээлттэй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс аянд нэгдэх хүмүүс шууд нэвтрүүлгийн үеэр ажиллах тусгай дугаар руу холбогдон мэдээллээ солилцон гар бие оролцоорой хэмээн уриалж байна.

Тусламжийн аяны тусгай дансыг шууд дамжуулалтын дараа хааж, нэгтгэсэн тайлан гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, малчдадаа туслах аян хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нэгдэхийг хүсжээ. Та бүхэн холбогдох мэдээллийг 72007070 утсаар авна уу.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох