Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр соёлын өвийг тээгч байгууллага юм

Огноо:

,

Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэдэг бас нэгэн чухал цех нь Соёл, урлагийн цогцолбор юм. Эрдэнэсийн хотыг зорьж ирсэн гийчид энэ ордноор орохгүй өнгөрөх нь үгүй. Үүднээсээ тайз хүртлээ соёл хийгээд урлаг шингэсэн цогцолборт Эрдэнэт үйлдвэрийн гэх онцлог бүтээлээс эхлээд дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулсан авьяастай, сэтгэлтэй уран бүтээлчид ажилладаг. Уул уурхайн хүнд үйлдвэрийн уурхайчдад урлаг, соёлоор үйлчилж, сэтгэлийг нь хөглөх, амраах, тэднийг хөгжүүлэх, соёлын үнэт өв, уламжлалыг хадгалах, олон нийтэд таниулах нийгмийн хариуцлагын том бодлогын хүрээнд уг “ордон” байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн нэгдүгээр ээлж 42 жилийн тэртээ ашиглалтад ороход баярын концерт бэлтгэн толилуулснаар үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй. Тэгвэл өнгөрсөн жил тэд 1000 гаруй ажил зохиосныг 300 мянган хүн үзжээ. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас онцгой дэглэмд үйл ажиллагаа нь хумигдсан байдалтай гаднаасаа харагдана. Гэсэн ч уран бүтээлчид гэдэг урнаар бүтээгчид учраас үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн хөгжих, урлаг, соёлоор илүү олон хүнд хүрч үйлчлэх боломжийг цахим орчинд бүрдүүлж, үйл ажиллагаагаа тэр зүгт чиглүүлэн ажиллаж байна. Энэ талаар болон Эрдэнэт үйлдвэрийн урлаг, соёлын салбарт оруулж буй хувь нэмрийн талаар Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулгатай ярилцлаа. 

-Танай дугуйлангуудын үйл ажиллагаа эхэлчхээд хөл хөдөлгөөн ихтэй байнаа..?      

-Хүүхдүүд маань дугуйлангаа их санасан, хүсэн хүлээсэн байна. Урлагийн 17 төрлийн дугуйлан ажиллаж байгаа. Дуу, драм, төгөлдөр хуур, загвар, гоо зүй, морин хуур, ардын хөгжим, бүжиг гэхэд дотроо ардын, сонгодог, цэнгээнт гээд задарна. Дугуйлангийн үйл ажиллагааг онцгой дэглэмийн нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн нягтрал ихтэй загварын болон бүжгийн дугуйланг 10 хүүхдээр зааглан ээлжээр зохион байгуулж байна. 

-Цар тахлын ид дэгдэлтийн үед танай цогцолборын үйл ажиллагаа зогссон. Гэсэн ч цахимаар олон нийтийг хамарсан олон уралдаан тэмцээн явуулж харагдсан. Ер нь энэ хүндрэлтэй үед хэрхэн ажиллав? 

-2020 онд манай цогцолборын үйл ажиллагаа хумигдсан хэдий ч бид зүгээр суусангүй. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан ажлын өвөрмөц хэв маягт шилжсэн нь нэг талаар уран бүтээлчдийг сэдэлжүүлэх, хөрвөж ажиллах, цахим орчин гэж шинэ орон зай байгааг анзаарч соргогоор сэтгэж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд олон ч ажил амжууллаа. Тухайлбал, тог тасалж хийж болдоггүй байсан цахилгаан монтаж, шитний засвар үйлчилгээ хийлээ. Энэ бол мөнгөн дүнгээр үнэлшгүй ач холбогдолтой ажил. Тайзны галерейн дээд талын ашиглагддаггүй тусгал муутай гэрлүүдийг доош нь буулгаж тайзны араас гэрэлтүүлэхээр тохирууллаа. Онлайнаар 20 орчим ажил зохион байгуулсан. Ялалтын баярыг угтаж онлайн концерт тоглолоо. Дараа нь бид Дэлхийн гэр бүлийн өдөр, Хүүхдийн баярт зориулж “Ээжээ дуулъя”, Эрдэнэт үйлдвэр-Миний нүдээр” гар зургийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье” гэх мэт сонирхолтой, долоон төрлийн цахим уралдаан зохион байгуулж дүгнэсэн. Баяр наадмыг угтаж “Дээлээр гоёсон долдугаар сар” гэрэл зургийн уралдааныг Үндэсний үйлдвэрлэгч Urban бренд, БСШУСЯ-тай хамтран явуулсан. Олон байгууллага дэмжсэн сайхан үйл ажиллагаа болсон. Мөн “Наадмын наргиа” комеди тэмцээн явуулсан. “Үүлэн бор” бүжгийн тэмцээн, “Эрдэнэтийн бөхчүүд дуулж байна”, наймдугаар сард “Нутгаа тольдохуй” гэхчилэн олон тэмцээн онлайнаар зохион байгуулж дүгнэсэн. Цар тахлын дэгдэлтийн үед хүмүүсийг гэрт нь тогтоон барих, урлаг соёлоор үйлчлэх үүргээ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Мөн Олон нийттэй харилцах албатай хамтран морин хуурын ТВ хичээл бэлтгэн хүргэсэн. 

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажил өрнөж байна?  

-Монголдоо номер нэг, дижитал цахим музей байгуулж байна. Үйлдвэрийнхээ “төрсөн өдөр”-өөр буюу 12-р сарын 14-нд музейгээ нээх төлөвлөгөөтэй. Эрдэнэт үйлдвэрийн түүх, үйл ажиллагаа, үе үеийн уурхайчдын алдар гавьяаг харуулсан сайхан музей болно. Үйлдвэрлэлийн бүс рүү заавал орохгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн бүх цехийн үйл ажиллагааг нэг дороос үзэж, илүү дэлгэрэнгүй мэдэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Виртувал орчинг музейд мэдрэх болно. Өөрөөр хэлбэл Белазын яг дэргэд байгаа мэт, уулын тэсэлгээг биеэр мэдрэх бодит дүрслэл бүхий үзвэрүүдтэй. Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичиг, хүртсэн гавьяа шагналууд ч бий. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын тусгай танхим байгуулж байгаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд өмнө нь юу хэрэгжүүлж байсан юм, одоо хэрхэн ажиллаж байгааг энд харуулна. 

-Монголын урлагт Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй үр нөлөө, хувь нэмрийн талаар Та юу хэлэхсэн бол...?  

-Эрдэнэт үйлдвэр Монголын урлаг, соёлын салбарын хөгжлийг 42 жил дэмжсэн. Цаашид ч дэмжих болно. Хамгийн наад зах нь энд ажиллаж байгаа 80 гаруй уран бүтээлчийг цалинжуулж, уран бүтээлээ хийх бүх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна. Улсын чанартай олон тэмцээн, уралдааныг Эрдэнэсийн хотдоо зохион байгуулан дэмжиж байна. 21 аймагт байхгүй тоног төхөөрөмж, зэмсгээр хангаснаар уран бүтээлчдийн чансаа өсөж байна. Хамгийн сүүлийн жишээ нь манай дуучин Д.Дагвадорж саяхан Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дахин Гран при шагнал хүртэж, хошой аварга болсон нь манай уран бүтээлчдийн чансааг илтгэж байгаа юм. 

-Та 2021 оныг хэрхэн төсөөлж байна? 

-Бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дөрвөн жилээр гаргаж байгаа. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Орхон аймгийн баяр наадамд тусгай хөтөлбөртэй оролцоно. Түүнээс гадна том зорилго тавьж байна. Эрдэнэт үйлдвэр бол соёлын өвийг тээгч байгууллага юм. Энд ажиллаж байгаа 6600 гаруй уурхайчид дунд хөөмийчид, уртын болон ардын дуучид, бий биелгээчид, ерөөлч магтаалчид, ардын хөгжимчид, за тэгээд уяачид, сурчид, бөхчүүд олон бий. Тэгэхээр Соёл, урлагийн цогцолбор бол соёлын өвийг түгээн дэлгэрүүлэгч байгууллага. Харин Эрдэнэт үйлдвэр бол соёлыг өвлөн уламжлагч байгууллага юм. Үүнийг баталгаажуулахыг зорьж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн маань ажилчдын 60 гаруй хувийг залуус эзлэх болсон. Тэдний авьяасыг бид судалж, илрүүлэн хөгжүүлэх үүрэгтэй. Эхний ээлжинд нөхцөл байдалдаа нийцүүлэн өөрийн авьяасаа нуулгүй бүртгүүлэх аппликейшн туршиж байна. Үйлдвэрийн газрын нийт ажилчид үүнд идэвхтэй оролцоорой. 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ. Дотоод болон гадаадын эх сурвалжууд сүүлийн үед идэвхтэй мэдээллэж буй Оюу толгой төслийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газарт албан тоот илгээсний зэрэгцээ уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа цохон тэмдэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар юм.

Иймд Оюу толгойн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого болон холбогдох баримттай танилцаж Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна гэжээ.

Иймээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн дотор Оюутолгойтой холбоотой бүрэн гүйцэд мэдээллийг ирүүлнэ үү гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгаас Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд илгээсэн албан тоотыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Албан бичигт:

Оюу толгой төслийн үйл ажиллагааг улс орны нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд ажиллах нь Монгол төрийн эрхэм үүрэг, та бидэнд өгсөн Монголын ард түмний захиас даалгавар, чин хүсэл юм.

Өнгөрсөн жил бид байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг улам баталгаажуулж, газрын хэвлий, түүний баялгийг албан тушаалтнууд төрийн өөрийн өмчид хамаарах сандал, ширээ мэтийн адилаар захиран зарцуулдаг байдлыг халах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулиндаа оруулсан.

Монгол Улсын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, аж ахуй эрхлэх орчны үзүүлэлт, гадаад харилцаа, олон улсын хамтын нийгэмлэг дэх байр суурь, нэр хүнд, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн дотор “байгалийн баялгийг шударгаар ашиглах, төр, нийтийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд баримтлан ажиллах” асуудал хамгийн чухал болсон энэ цаг үед Оюу толгойн орд ашиглалтын бугшсан их ээдрээг тайлж, зөв шийдэл олоход Монгол төрийн бүх салаа мөчир, бүтэц бүрэлдэхүүн хүчин чадлаа бүрэн дайчилж шуурхай ажиллах нь зүйд нийцнэ.

Монголын ард түмэн ч мөн үүнийг та биднээс хүсэн, хүлээж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааны хүрээнд онц чухал бөгөөд тулгамдсан асуудал, хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон талаар дотоод, гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байна.

Тухайлбал:

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар хэлэлцээ хийж байгаа тухай;

- Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд өөр хоорондоо уг төслийн талаар олон улсын арбитрын шүүхэд маргаж буй тухай;

- Оюу толгой төсөлтэй холбогдуулан авлига, хээл хахууль өгч авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэл бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд явагдаж байгаа тухай.

Эдгээр мэдээллээс үзэхэд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад шууд хамаатай, төрийн нэгдмэл бодлого, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагаа шаардагдсан нөхцөл байдал үүссэн нь нэн тодорхой бөгөөд илэрхий байна.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бөгөөд “Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах” зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд миний бие хуульд заасан үүрэг, ард түмний захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хянагдаж буй маргаан, холбогдох бусад асуудлаар Засгийн газрын баримталж буй байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаа, түүний бэлтгэл ажил, явцын талаарх мэдээ, баримттай танилцах, зохих ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хяналт, дэмжлэгийг хэрэгжүүлэх төлөөллийг оруулж хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, мөн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зохих журмаар хүргүүлсэн боловч ёс төдий хагас дутуу мэдээлэл ирүүлснээр өөр арга хэмжээ аваагүй, асуудалд туйлын хөшүүн, хойрго хандаж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар Улсын Их Хуралд мэдээлж, саналаа оруулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, ард түмний өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа дээрх ил тод бус, хууль ёсны зарчимд харшилсан үйл ажиллагаа нь улс орны эрх ашиг нэн тэргүүнд тавигдахгүй, ашиг сонирхлын зөрчил бүхий зарим хүмүүсийн шууд ба шууд бус нөлөөлөлд автсан, тийм нөхцөл үүссэн байж болзошгүйг бэлхнээ харуулж байна.

Хяналтгүй, ил тод бус, хаалттай, хуйвалдааны шинжтэй ийм үйл ажиллагааны үр дүнд Дубайн хэлэлцээр шиг асуудал үүсэж, улс орноороо хохирох аюултай.

Миний бие Оюу толгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Иймд дурдсан асуудлуудын хүрээнд иж бүрэн, гүйцэд мэдээллийг өнөөдрийн дотор ирүүлж, зохих журмаар танилцуулна уу” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ш.Адьшаа: Дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ

Огноо:

,

 УИХ-ын гишүүд сүүлийн хэд хоног "Шүүхийн багц хуулийн төсөл"-ийг "айхтар" нухацтай хэлэлцэж байгаа. Уг шинэ төсөлд нэлээд гажуудал, иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, цагаан захтнууд хуулийн цоорхой, хяналт сул байдлыг ашиглаж хууль бусаар хөрөнгөжих, эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож буй талаар зарим гишүүд эсэрцүүцэж байгаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тус багц хуулийн төслийн талаар өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгогдсон шударга шүүхээр шүүгдэх, Улсын дээд шүүхэд давж заалдах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл үүслээ. Шүүхийн энэ хуулиар бүх хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар эцэслэн шийдвэрлэдэг тогтолцоо бий болгож байгаа нь дээд шүүхийг нь онолын шүүх байна гэдэг нэрийдлийн доор иргэний давж заалдах эрхийг байхгүй болголоо. Тус хуулийн 25.7.5 -ын а, б, в хэсэгт энэ талаар тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэх талаар л заасан байна. 

Шинэ төслийн гол өөрчлөлтөөр авлигал албан тушаалтныг өөхшүүлэх, оффшор бүсэд хөрөнгө байршуулах, мөнгө угаах, уул уурхай, байгалийн баялгийг ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг Улсын дээд шүүхийн хяналтгүйгээр шийдвэрлэх гэж байна. Энэ бол маш ноцтой зөрчил.

Өөрөөр хэлбэл, эрх баригчид өөрсдийн гэмт хэргийг хаацайлах зорилгоор хийсэн хуулийн төсөл гэж үзэж байна. 

Дээд шүүхийг "Онолын шүүх байна" гэх нэрийдлийн дор иргэний давж заалдах боломжийг байхгүй болголоо. 

Уг хуулийн төсөл батлагдснаар Монгол Улсын төрийн тогтолцооны тэнцвэр алдагдаж, шүүх засаглал бүхлээрээ хууль тогтоох байгууллагын хараат байдалд орно. 

Эдийн засгийн маш том гэмт хэргүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэх, шийдвэр боломжгүй болгож байна. Товчхондоо олонхи өөрсдөдөө маш ашигтай хуулийн төсөв болосруулчихлаа. 

"Шүүхийн багц хуулийн төсөл"-ийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж, өнгөрсөн жил Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн 80 хувийг өөрчилсөн. 

Сэтгүүлч Л.Баатархүү

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.
 
Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлсэн.
Улмаар “КОВИД-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байгаа.
Вакцин хүлээн авахтай холбоотой албан өргөдлийн маягтын багцуудыг Монгол Улс КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газарт тухай бүрт нь хүргүүлж ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулсан болно.

Дэлхийн улс орнуудад хэд хэдэн төрлийн вакциныг хөгжүүлж, тэдгээрийн заримд ДЭМБ болон эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудын эрх бүхий байгууллагаас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгож эхлэхтэй уялдуулан манай улс вакцинжуулалтын хүйтэн хэлхээний чадавх сайжруулах, заримыг шинээр бий болгох, вакцинд зөвшөөрөл олгох журмыг батлах зэрэг олон арга хэмжээг шат дарлалтай авч хэрэгжүүлж байна. “Вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-г Шадар сайдаар батлуулсан ба хэрэглэх вакцины төрөл, хүртээмж, зорилтот бүлэг, үйлдвэрлэгчийн заавар, тархвар судлалын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж вакцинжуулах ажлыг уян хатан зохицуулахаар үндэсний  төлөвлөгөөнд тусгасан.
2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн болно. Энэхүү үнэлгээний дүн Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг харуулсан.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан КОВИД-19 халдварын эсрэг вакцинд Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар 3 нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2 цаг 29 минут

QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны д...

Улстөр нийгэм2 цаг 34 минут

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн туслам...

Улстөр нийгэм8 цаг 34 минут

У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хү...

Чөлөөт цаг8 цаг 37 минут

Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакци...

Чөлөөт цаг8 цаг 41 минут

Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...

Үзэл бодол8 цаг 45 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирү...

Шударга мэдээ8 цаг 48 минут

Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, ша...

Улстөр нийгэм8 цаг 51 минут

УИХ-ын байнгын болон дэд хорооны хуралдаан өнөөдөр болно

Улстөр нийгэм8 цаг 55 минут

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Чөлөөт цаг9 цаг 8 минут

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Санал болгох