Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Я.Долгоржав: Хоёр ч Ерөнхийлөгчийн багт олон сайхан нөхөдтэйгөө сэтгэл нийлэн ажиллаж байсан

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Я.Долгоржавтай  хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?

-Миний бие 2004-2008  онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх, хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байсны хувьд таны асуултанд өөрийнхөө харж буй өнцгөөс хариулъя.

Бүхэл хийгээд хэсгийн учир холбогдлын үүднээс үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх хүрээлэн(институц)-гийн нэг бүрдэл хэсэг нь юм. Улс, ард түмэн, ер нь нийгмийн аливаа бүлгийн өмнө тавигдсан тодорхой зорилтыг хариуцаж үйл ажиллагаагаа зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлэхээр зохион байгуулагдсан бүтцийг манай монголчууд хүрээ, хүрээлэн гэж нэрийдэж байсан нь цэрэг-улс төр, иргэн, шашин-сүм хийдийн түүхээс тодорхой харагддаг. “Монголын нууц товчоо”-нд ч энэ талаар тэмдэглэсэн зүйл бишгүй бий. Иймээс би Ерөнхийлөгчийн институц гэж гадаад үг хэрэглэлгүй, хүрээлэн гэх үг хэрэглэж байгааг минь болгооно биз ээ. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтцийн болоод үйл ажиллагаа (функц)-ны онцлог нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хүрээлэнд бүхэлд нь хүлээлгэсэн  үүргээс хамаардаг зүйл. Чухам үүгээрээ л Тамгын газрын бүтэц, үйл ажиллагаа нь давхцал хийгээд хийдэлгүй, төрийн бусад байгуулгаас ялгарах учиртай.

Улсын тэргүүнийхээ хувьд Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаа бүхэлдээ дэмжлэг үзүүлдгээрээ онцлог. Үе үеийн Тамгын газар, зөвлөхүүдийн зорилго, чиг үүрэг ижил юм. Зөвлөхүүд хэдийгээр Тамгын газарт харьяалагддаг ч зөвхөн  Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй учраас шугаман удирдлагын бүтцэд ордоггүй штаб маягийн бүтэц үүсгэн ажилладаг. Энэ мэтийг зарим хүмүүс анзаардаггүйгээс, таны асуултандаа хөндсөнчлөн  “Ерөнхийлөгчийн Тамгын газрын  бодит үйл ажиллагаа” болон түүний талаарх “олон нийтийн санаа бодол” хоёрын хооронд  ойлголтын зөрүү байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ард иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл, мэдээлэл, нийгмийн сүлжээ, албан ба албан бус сургалтын байгууллагаар идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нөгөө талаар, олон түмний зүгээс гарч буй шударга, зөв санал,  шүүмжлэлийг Тамгын газар анхаарч, ажилдаа тусгаж байх нь чухал.

-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх үед тулгарч байсан сорилт, бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулсан түүхүүд, хоёр Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаанд улиран ажилласан хүний хувьд Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын бодлого, үйл ажиллагааны ялгаатай ба ижил талын тухай бодлоо хуваалцана уу?

 -Сорилт, бэрхшээлгүй юм гэж байдаггүй. Их үү, бага уу, хүнд үү хөнгөн үү, хөрөнгө мөнгөний юу, улс төрийн үү, хүн хүчний юу, санаачлагагүй, салан задгайнх уу гэдэгтээ л байдаг. Тэр бүх жишээ, кэйсийг энд яриад яахав дээ. Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын хувьд аль аль нь  Тамгын газрын удирдлага, зөвлөхүүдийн орон тоон дээр  тухай, тухайн салбартаа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, улс төрийн мэдлэг, туршлагатай, тулхтай хүмүүс авч ажиллуулж байсан учраас элдэв сорилт, бэрхшээлд нийгмээ нэг их “сэгсэргээ”, “донсолгоо”-нд оруулаад байлгүй туулсан. Тамгын газар, зөвлөхийн баг ч Ерөнхийлөгчөө улсын тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийнх нь хувьд тодотгож ажиллахыг хичээсэн. Хэдийгээр манай Үндсэн хуулинд “төрийн тэргүүн” гэх томъёол бий ч улсаа тэргүүлж буй Ерөнхийлөгч юу юунаас урьд, Statehood (аулсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бард түмний эв нэгдэл,эх оронч үзэл, вБүрэн эрхт байдал, гзасаг төрийн тогтолцоондоо анхаарал хандуулж ажиллах) гэх ойлголтын агуулгыг  бүрдүүлж байдаг учиртай. Дээр нэр дурьдсан хоёр Ерөнхийлөгчийн үед statehood-тэй холбоотой хийдэл доголдол, хэрүүл маргаан гараагүй, харин ч бэхжих, батжих талдаа байсан. Үүнд зөвлөхүүдийн зүгээс зөвлөж Ерөнхийлөгчийн хүрээлэн институц-гээс хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь тодорхой. Бодлого, үйл ажиллагааны хувьд хоёр Ерөнхийлөгчид ижил зүйл байлгүй яахав, нэг л ижил хууль, эрх зүйн орчинд ажиллаж байсан юм чинь. Гэхдээ цаг үе, улс төр, нийгэм-эдийн засаг, гадаад орчин, эрэлт хэрэгцээ нь өөр болохоор ялгаатай зүйл гарах нь ойлгомжтой. Угаас “Нэг голын усанд хоёр дахин орж болдоггүй” гэдэг биз дээ. Тухайлбал, даяаршлыг хэт туйлчлан үзэх хандлага илт мэдрэгдээд ирсэн үед Ерөнхийлөгч Н.Багабанди үндэсний онцлог, ард түмнийхээ нийтлэг үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх талаар  тусгайлан анхаарч морин хуураа дээдлэх, монгол сурын харвааг хөгжүүлэх, эзэн Чингис хааны одон бий болгох, ”Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх, монгол бичиг болон эх оронч үзлийн талаар  цуврал зарлиг гарган ард түмнийхээ дунд түгээн дэлгэрүүлэхэд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа нь ард түмнийхээ талархлыг хүлээж эдүгээ ч түүний нэртэй холбогдон яригддаг. Залгамж чанар байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди Их  Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд Монгол Улс даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэх зарлиг гаргасныг  биечлэн хэрэгжүүлэх үйлс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед тохиож их ажил өрнөж, Засгийн газрын ордны өргөтгөл баригдаж эзэн Чингис хааны хөшөө сүндэрлэж, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөг бүтээж УИХ энэ ойд зориулж Хүндэтгэлийн чуулган чуулж, Ерөнхийлөгч утга төгөлдөр илтгэл тавин ард түмэндээ хүргэсэн нь үүний нэг нотолгоо юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр улсын тэргүүн дипломатын хувьд санаачилга гарган АНУ, ОХУ, АБН Египет Улс зэрэг дэлхийн олон улсын төр засгийн газрын тэргүүн хийгээд алдар суу нь бөмбөрцгийн хэмжээнд түгсэн эрхмүүдэд хандан Их Монгол Улсын түүхэн ойтой холбогдуулж санал, сэтгэгдэлээ илэрхийлэхийг хүсч дипломат шугамаар шаргуу ажилласны хүчинд “ИХ МОНГОЛ УЛС-800” гэдэг ном бүтсэн. Энэ бол орчин цагт улсынхаа бүрэн эрхт байдал, их түүхийг  дэлхий нийтээр  өвөрмөц маягаар давтан хүлээн зөвшөөрүүлсэн хэрэг болсон билээ. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын хооронд залгамж холбоо байхыг бэлгэдэж, бас сануулж Н.Багабанди Ерөнхийлөгч Чингис хааны одонгоор анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг шагнах зарлиг гаргаад шинээр сонгогдсон гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр уг одонг түүнд гардуулахаар зохицуулж байсан түүх бий.

 -Та Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд оруулсан хувь нэмэр хийгээд таны үед ЕТГ-ын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ, судалгааны агуулгаар баяжуулж байсан талаар дурсамжаа хуваалцаач?

-Биднийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөхийн багт ажиллаж байх үеийн нэг онцлог бол аливаа тулгамдсан асуудалд аль болохоор олон түмний санаа бодлыг сонсох, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллахыг чухалчилдаг байлаа. Иймээс ч үе үе томоохон хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг байсан. Тэдгээр хуралд анхны Ерөнхийлөгч өөрөө ч бас эрдэмтэн хүн юм П.Очирбат, хуульч Б.Чимид, Г.Совд нараас аваад Л.Түдэв, Ш.Бираа тэргүүтэй нэрт эрдэмтэд идэвхтэй оролцоно. Тухайлбал, “Үндсэн хууль ба ардчилсан эрхзүйт төр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дээр Үндсэн хуулийг  шинэчлэх, “дордуулсан долоон өөрчлөлтийг засах” гэх мэт саналууд анхлан нухацтай  хэлцэгдэж  байсныг санаж байна.

 Миний тухайд онцгойлж хэлээд байх юу байхав. Монгол Улсынхаа хоёр ч Ерөнхийлөгчийн багт Б.Батхишиг, Т.Билэгт, Ц.Дашзэвэг, Д.Цогтсайхан, Г.Баясгалан Д.Готов, Л.Лхагва, Б.Намхайжанцан, Д.Нэргүй Б.Очирбат, Б.Чойжилсүрэн нарын олон сайхан нөхөдтэйгөө гар сэтгэл нийлэн ажиллаж, хажуугийн хамжаа, дэргэдийн дэмжээ болж явсандаа сэтгэл хангалуун байдаг.

 -Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үздэг вэ. Танд нэмж тэмдэглэн хэлэх зүйл байна уу. Санал сэтгэгдлээ хуваалцана уу?

 -Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг цаашид байнга сайжруулж ажиллах хэрэгцээ, арга механизмыг ирээдүйтэй залуу, залгамж  үе маань  харж байгаа гэдэгт итгэж байна. Тэгэхдээ, их зохиолч Д.Нацагдоржийн “Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилттай” гэсэн ухаантай үг байдгийг санах нь чухал. Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тэмдэглэж  байна. Хойших мөрөө арай холхон харвал Их Монгол Улсын  тэргүүний институц, Тамгын газар одоохондоо тод харагддаггүй юм аа гэхэд нэгэн үе Монгол Улсаа тэргүүлж явсан Богд Жибзундамба хутагтын хүрээлэн(институц) харагдаж л байгаа. Хэдийгээр Богд хаан маань хутагтын дүртэй ч улсынхаа улс төрхт төлөв байдал(statehood)-ыг хадгалж бэхжүүлэхийн тулд шаардлагатай үед бүхнийг хийхэд бэлэн, тэр бүү хэл, таван замаар, түмэн цэрэг хөдөлгөж явсан түүхтэй хүн шүү дээ. Үүнийг дурдсаны учир нь улсын тэргүүний институцийн хөгжлийн түүхийг цаг хугацааны хувьд ч орон зай, агуулга, багтаамжийн хувьд ч илүү өргөн хүрээнд судлан үзэж сургамж ухаарал авах хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Н.Батнасан: МУИС-д гаалийн байгууллагатай хамтран ажиллах өргөн боломж байна

Огноо:

,

Гаалийн байгууллага МУИС-ийн Бизнесийн сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан тухай тус сургуулийн захирал, доктор профессор Н.Батнасантай ярилцлаа.

 Санамж бичгийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ?

Монгол Улсын Их Сургууль нь судалгаа шинжилгээний олон салбарын шилдэг эрдэмтэдтэй,  төрөл бүрийн чиглэлээр  судалгаа шинжилгээ хийдэг, Монгол Улсын эрдэм оюуны гол төвүүдийн нэг юм.

Манай улсын хөгжлийн олон асуудлууд өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. МУИС-ийн хувьд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах нь бидний үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг,  тэр хэрээрээ чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг.  Гаалийн байгууллагын өмнө ч ийм асуудлууд тулгарч байна. Гаалийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор бид ГЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Түүх ярих юм бол ”Гааль, Эдийн засгийн коллеж” нэртэй ГЕГ-ын дэргэд байсан сургалтын байгууллагыг 2010 онд ЗГ-ын тогтоолоор МУИС-д нэгтгэсэн. Тэр цагаас хойш МУИС нь гаалийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол төв болсон гэж үзэж болох юм. Одоо гаалийн байгууллагын системд 2000 гаруй хүн ажиллаж байна. Бид 2010 оноос хойш гадаад худалдаа, гаалийн чиглэлээр 200 гаруй бакалаврын мэргэжилтэн, 30 орчим магистр, 1 докторыг гаалийн чиглэлээр бэлтгэж гаргасан бөгөөд тэд маань гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.

Бидний цаашдын зорилго бол зөвхөн боловсон хүчнийг нь бэлтгэхэд төдийгүй гаалийн байгууллагын өмнө тавигдаж байгаа зорилтуудыг нь шийдвэрлэхэд хамтарч оролцох,  гааль судлалын чиглэл дээр хамтрах явдал гэж харж байна. Энэ бол бидний гаальтай хамтран ажиллах чиглэлд баримтлах гол стратеги.

Одоо манай гаалийн үйл ажиллагааны бүтээмжийн болон техник технологийн түвшин дэлхийн тэргүүлэх түвшний орнуудтай харьцуулахад нэлээд доогуур түвшинд байна. Тэргүүлэх хөгжилтэй орнуудын түвшинд дөхөж очихын тулд маш их ажиллах шаардлагатай. Тэгэхлээр энд бидэнд хамтран ажиллах асар том орон зай байна аа гэсэн үг.

Үүнийг МУИС-ийн судлаачдын зүгээс улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бас гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодитой боломж гэж харж байна.

Нөгөө талаас МУИС-д мэргэжилтнийг сургаж бэлтгэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах асуудлуудаас гадна төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Хамтын ажиллагаа талуудын аль алиных нь ашиг сонирхолд нийцэж байгаа учраас бид хамтран ажиллах гэрээ байгуулсан. Бид гаалийн байгууллагын судалгаа хөгжүүлэлтэд оролцсоноороо сургаж байгаа оюутнуудаа юунд, хэрхэн сургахаа тодорхойлох боломжтой болох юм. Тийм учраас энэ хамтын ажиллагаа бидэнд олон талаар ач холбогдол бүхий хамтын ажиллагаа гэж харж байна.

Санамж бичгийн хүрээнд сургалт болон судалгааны чиглэлээр ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна вэ?

Гаалийн өмнө эн түрүүнд тулгамдаж буй асуудал бол худалдааг хөнгөвчлөх асуудал юм. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа судалгаануудаас үзэхэд Монгол Улсын бизнесийн орчны үзүүлэлтүүдээс гадаад худалдааны орчны үзүүлэлтүүд нэлээд тааруухан байдалтай байгаа. Тэгэхээр гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд юуны өмнө цаг хугацаа, зардал шаардсан хил гаалийн дэглэм журмаа өөрчлөх тал дээр ажиллах шаардлагатай. Монгол Улс НӨАТ-ын системийг нэвтрүүлснээр дотоод дах санхүү эдийн засгийн янз бүрийн бэрхшээлтэй асуудлуудыг үндсэнд нь цэгцэлсэн. Цэгцлэгдээгүй асуудлууд нь эдийн засгийн гадаад харилцаа талдаа байна.

Хил гаалийн дэглэм журмыг өөрчлөх хүрээнд эн түрүүнд хэрэгжүүлэх асуудал бол  эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлэх. Энэ нь нэг талаас худалдааг хөнгөвчлөх, нөгөө талаасаа хууль сахиулах гэсэн хоёр асуудлыг хамтатган шийдэх шийдэл юм. Гаальд эрсдэлд суурилсан гаалийн удирдлагыг нэвтрүүлж, одоо байгаа энэ гаалийн хяналтын тогтолцоог илүү ухаалаг байдлаар зохион байгуулна гэсэн үг.

Ер нь худалдааг хөнгөвчлөх ажил нь үйл ажиллагааг уялдуулах, стандартчилах, хялбаршуулах зарчмуудад тулгуурлах ёстой. Үүнийг хэрхэн ямар арга замаар хийх вэ гэдэг дээр бидний өөрсдийн хийсэн судалгаа, олон улсын хэмжээнд нийтлүүлсэн бүтээлүүд бий. Нөгөө талаас үүнийг хэрэгжүүлэхүйц хүн хүчний болон техник технологийн ч боломжууд байна. МУИС-д мэдээллийн технологийн чиглэлээр гадаад дотоодод докторын зэрэг хамгаалсан 40, 50 залуу ажиллаж байна. Энэ залуучуудын хүчийг ашиглаад гаалийн эрсдэлд суурилсан удирдлагыг хийх боломж бий. 

Өнөөг хүртэл гаалийн байгууллагууд 3 өөр мэдээллийн систем ашиглаж ирсэн боловч эдгээр нь өөр хоорондоо мэдээллээ солилцох боломжгүй байна. Өмнө нь гаалийн техник технологи, мэдээллийн системийг шинэчлэх ажлыг ихэвчлэн гадаадын  байгууллагуудаар хийлгэж ирсэн. Тодорхой хугацааны дараа техник технологи хоцрогдож, хөгжүүлэлтээ цааш нь үргэлжлүүлье гэхэд өмнө нь шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа дуусаж, үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Тиймээс нэг ажлаа дахин дахин давтан хийхэд хүрч байгаа юм.

Олон улсын туршлагаас үзэхэд, жишээ нь Солонгос Улсад Сөүлийн үндэсний их сургууль нь гаалийн байгууллагынхаа судалгаа хөгжүүлэлтийн асуудлыг хариуцдаг. Их сургууль бол аль нэг компани шиг дампуурдаг, өөрчлөгддөг бүтэц биш. МУИС ийм хөгжүүлэлтийг хийснээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууцлалын асуудлууд ч давхар шийдэгдэнэ.

Япон Хятадын хоорондын худалдаанаас үзэхэд бараа ачигдангуут бүх бичиг баримтыг цахим хэлбэрээр солилцож байна. Бараа замд явж байх хугацаанд барааг гаалийн хилээр шалгаж оруулах эсэхийг шийддэг эрсдэлийн төлөвийг нь урьдчилж тодорхойлдог. Улаан төлөвөөр орж ирж буй барааг заавал хилийн гааль дээр ч биш гүний гааль дээр шалгачихдаг. Манайд жишээн дээр үзэх юм бол Японоос бараа ачуулсан нөхцөлд бараа Замын Үүд дээр ирсэн үед барааг тээврийн хэрэгсэлтэй нь зогсоож байгаад бүх бичиг баримтыг нь мэдээллийн системд шивж оруулдаг. Мэдээллийг системд оруулсны дараа хяналтын төлөвийг нь тодорхойлж, барааны 80-90 хувийг нь нэг бүрчлэн шалгаж байна. Хилээр нэвтэрч буй барааны дийлэнх хэсгийг нь улаан төлөвөөр оруулж буй шалтгаан нь эрсдэлийн төлөвийг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой мэдээллийн нэгдсэн сан үүсээгүйтэй холбоотой. Энэхүү практик нөхцөл байдал бидэнд хүн хүчний болон цаг хугацааны ихээхэн алдагдлыг үүсгэж байгаа юм.

Гаалийн хяналтын процессын дийлэнх хэсэг нь импортын хувьд бараа хилийн гадна байх үед, багахан хэсэг нь орж ирснийх нь дараа хийдэг болчихвол цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Хилээр гарах барааны хувьд бараа ачигдахаас өмнө хяналт шалгалтын процесс нь эхэлдэг,.бараа хил дээр очих үед багахан хэсэг нь хийгддэг ийм тогтолцоо руу шилжүүлбэл худалдааг хөнгөвчилнө. Ийм тогтолцоог бүрдүүлж байж хилээр гарч буй ачаа бараа, тээврийн хэрэгсэл бүрийг биш харин хамгийн эрсдэлтэй бараа ачилтуудыг шалгадаг олон улсын жишиг рүү шилжинэ. Ийм өөрчлөлтийг хийхэд Засгийн газрын ч, олон улсын донор  байгууллагуудын ч оролцоо, хамтын хүчин чармайлт чухал.

Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын үр дүнг яаж тооцож байна вэ?

Монгол Улсад хамгийн хурдтай өсөж буй эдийн засгийн салбаруудын нэг нь гадаад худалдаа. 1995 оны эхэн үед манай улсын экспорт, импорт нийлээд 500 сая доллар байсан. Гадаад худалдааны эргэлт одоо 50 тэрбум ам.долларт хүрч, даруй 50 дахин өссөн. Тэгэхээр барааны ийм том хэмжээний эргэлтийг гаалийн байгууллага хуучин хүчин чадлаараа, арга барилаараа хянах боломж бараг байхгүй. Тиймээс юуны өмнө, дээр дурдсан өөрчлөлтийг хийхээс өөр арга байхгүй. Хоёрт, Монгол Улсад ажиллах хүчний зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсэж, салбар бүрд ажиллах хүчний дутагдал үүсэж эхэллээ. Энэ нөхцөлд мэдээллийн технологид суурилж үйл ажиллагаагаа явуулдаг өндөр бүтээмжтэй гаалийн байгууллагын бүтцийг үүсгэж хөгжүүлэхгүй бол худалдааны эргэлтэд бүрэн хяналт тавих боломж цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар алдагдах эрсдэл үүсэж байна. Гуравт, одоо гаальд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах амьдрах орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Хэрвээ гаалийг дээр дурдсан байдлаар өөрчилж чадвал одоо байгаа төсвийг нь тэлэхгүйгээр, ажилтны бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар нийгмийн асуудлыг нь шийдэх боломжтой. Магадгүй одоо 2000 гаруй орон тоотой ажиллаж байгаа гаалийн байгууллага мэдээллийн технологи дээр суурилсан дэвшилтэт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулбал 600-700 хүний хүчээр ажиллах боломжтой. Ийм нөхцөлд хэмнэсэн төсвөөр цалинг нь нэмэх, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг шийдвэрлэж, гаальд илүү чадварлаг хүмүүс орж ажилладаг нөхцөлийг үүсгэж чадна.

 Эх сурвалж: ГЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцав

Огноо:

,

Зудын нөхцөл байдал хүндэрсэн цаг үед Монгол дахь Хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчид зудад нэрвэгдсэн малчдад хүргэх тусламжийг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцлаа.

Энэхүү уулзалтад Улсын Онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн Хамгааллын Яамнаас зудын нөхцөл байдал, хариу арга хэмжээ болоод зудад нэрвэгдсэн малчид, зудтай сумдын малчдын хүүхдүүдэд хүргэх нэн шаардлагатай тусламж дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн энэхүү уулзалтаар Монгол Улсад ажиллаж буй United Nations OCHA-ын мэргэжилтнүүд хүмүүнлэгийн дэмжлэг тусламж, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд боллоо.

Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно

Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.

Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.

Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.

УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.

Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.

Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа.

Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.

Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.

Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.

Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.

Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.

Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.

Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.

Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,

Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.

Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох