Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон ХНХЯ-нд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв. 

Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаг тухай коллежийн захирал Г.Нямдулам танилцуулав. Засгийн газар мэргэжилтэй ажилчин бэлтгэх цогц бодлогын хүрээнд Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг үнэ төлбөргүй болгож, суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Ажлын байрны олдоц, тэтгэлэг зэрэгтэй холбоотойгоор залуусын суралцах сонирхол эрс нэмэгдсэн, их, дээд сургууль төгссөн хүн ч ирж байгааг захирал Г.Нямдулам хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа дадлагын байрны ажлын явц, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын цахимжуулалттай танилцав.

У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ажиллах үеэрээ харааны бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг кофе шоп, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”, хүүхдийн цэцэрлэг, 7777-1289 дуудлагын төвийн ажилтай танилцав. Хүүхдийн цэцэрлэгт тус яам болон ойролцоо байрлах нэр бүхий яам, төрийн байгууллагын ажилтнуудын 60 гаруй хүүхэд хүмүүждэг.

Дуудлагын төв нь иргэдэд нийгмийн даатгалтай холбоотой бүх талын зөвлөгөө, мэдээлэл өгч, өргөдөл, гомдол, саналыг нь хүлээн авч шийдвэрлэж байна. 2021 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт ашиглалтад оруулах бол ирэх оноос Улаанбаатар хотод Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төв, тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж эхлэхээр төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа салбарын бодлогын шинэчлэл, хийж байгаа ажлынхаа талаар товч танилцууллаа. Яам:

-       Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл

-       Халамжаас хөдөлмөрт шилжих

-       Хөдөлмөр эрхлэлтийн динамик загварыг нэвтрүүлэх

-       Суралцагч төвтэй бодлогоос Сургууль төвтэй бодлогод шилжих

-       Нийгмийн бүлгүүдийн хөгжил, хамгааллын цогц бодлого

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил тэгш хангах

-       Цахим яам болохыг зорьж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн www.ehalamj.mn, нийгмийн даатгалтын www.ndaatgal.mn, Мэргэжлийн боловсрол, сургалтын www.mergejil.mn, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичвэрийг ярианд хөрвүүлэх TTS программ хангамж зэргийг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд шимтгэл төлөлтийн лавлагаа, сайн дурын даатгалын үйлчилгээ, Насны хишиг, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсаны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, одонтой ээжийн тэтгэмжийг цахимаар авч байна. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгох программ, Гадаадаас ирж ажиллах хүчний бүртгэл, www.etuslamj.mn зэрэг цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамт олонд талархал илэрхийлж, уян хатан, шуурхай, ажил хэрэгч, санаачилгатай байж, нийтийн эрх ашгийг дээдлэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллахыг захив. Ирэх дөрвөн жилд зам тээвэр, төмөр зам, барилга, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрчимжсэн газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын үр дүнд 138 мянган ажлын байр шинээр бий болох учир үүнд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Цаашид:

-       Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо, судалгаатай болгох

-       Халамжийг хэт хавтгайруулах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгох, иргэдээ халамж шүтсэн хандлагатай болгохгүй байх

-       Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадвартай багш, шаардлагад нийцсэн сургалтын орчин, дадлагын баазтай болгож Сургууль төвтэй болгох

-       Тодорхой салбарт мэдлэг, чадварыг нь өвлүүлэх хэлбэрээр ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

-       Хүүхдүүд аюулгүй орчинд өсч торних, сурч хөгжих нөхцөлөөр хангаж, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулах бус, харин нэмэгдүүлэх

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай нийгмийн халамж, хамгааллыг үзүүлж, жирийн иргэдийн адил нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлэх чиглэлээр сайн туршлага, арга хэрэгслийг нэвтрүүлэхийг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

БНКирУ-ын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв

Огноо:

,

Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ 5 дугаар сарын 30-ны өдөр өндөрлөж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас БНКирУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд C.Ганхуяг тэргүүтэй албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.


Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Мөн сайд Ж.Кулубаев “Чингис Хаан” үндэсний музейг үзэж сонирхсон юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Жээнбек Молдоканович Кулубаевыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах бүрэн боломж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Удахгүй Монгол Улсад айлчлах Ерөнхийлөгч С.Н. Жапаровын айлчлал хоёр орны улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улс худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, энхийг сахиулах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, соёл, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсынхаа “Ногоон өв” санаачилгатай уялдуулах боломжтойг хэлэв. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь хоёр ард түмний харилцаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад чухал ач холбогдолтой болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

Огноо:

,

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төслийг эцсийн хэлэцлүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Засгийн газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын хороо 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх хууль зүйн техникийн засваруудыг хийсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Тэдгээр саналын томьёолол тус бүрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, хэлэлцүүлгийн явцад тусгагдсан саналуудтай холбоотой хөрөнгө оруулалт, санхүүжилт нь төсөл дэх 2024 оны шинэ хөрөнгө оруулалтын дүнгээс давахуйц байгааг гэдгийг тодотгоод, энэ талаар тодруулсан. УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгасан, гэхдээ 2024 оны улсын төсвийн төслийг төлөвлөхдөө эдгээрийг эрэмбэлж, холбогдох шаардлагад нийцүүлэн төлөвлөнө гэдэг хариултыг Б.Баттөмөр гишүүн өгсөн. Мөн санхүүжилтийг нь эхлүүлж, он дамнан үргэлжилж байгаа зарим нэг төсөл төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд нэр заагдаагүй, үлдсэн байгааг Ж.Батжаргал гишүүн сануулж, тодорхой төслүүдийн талаар лавлав. Нэгэнт ажлыг эхлүүлсэн, санхүүжилтийг нь өмнөх онуудад төсөвлөөд, үргэлжилж байгаа төслүүдийг дуусгах зарчмыг Засгийн газар баримталж байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлээд, тухайлан лавласан төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг холбогдох журам, шаардлагад нийцүүлэн боловсруулж, төлөвлөх талаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсан зарлага, зардлын талаарх гишүүний асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хариулт, тайлбар өгсөн.

УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцыг хэрхэн бууруулах талаар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эргэлтэд оруулах, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийлсэн. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11.3 хувь байсан бөгөөд үүнийн 42 хувь нь цэвэр хүнсний инфляц гэдгийг тодотгов. Энэ дунд махны үнэ өндөр байгаа нь их нөлөө үзүүлж байгааг тэмдэглэсэн. 70 сая малтай улс атлаа махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн байгаа нь анхаарууштай асуудал болохыг сануулав. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа ч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байгаа тул нийлүүлэлтийн шинэ механизм бий болгох, махны бүсчилсэн сүлжээний зангилаа (hub) үүсгэх  саналыг хэлж байв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, төсөл дэх ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөлт болон ядуурлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулав. Төсөлд өрхийн орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан хэмээн ажлын хэсэг хариулав. Энэ онд 55.211 ажлын байрны захиалга бий болно хэмээн төлөвлөсөн байсныг дурдаад хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдолтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 2024 онд 60.000 ажлын байр бий болно гэдэг төлөвлөлт, тооцооллыг танилцуулсан юм.

Ийнхүү гишүүд УИХ-ын дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэссэн юм. Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 41 гишүүний 73.2 хувь нь дэмжин, баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцдаа УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг анхаарах, түүнчлэн хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллахад онцгой анхаарахыг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох