Шударга мэдээ
Халаалтын зуух, төвлөрсөн дулааны шугамд холбох ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай...

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах, дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ.
Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Засгийн газрын 62 дугаар тогтоол өөрчлөлт орсныг тодотгоод агаарын чанарын бүсчлэлийг шинэчилсэн гэдгийг мэдэгдсэн юм. Сайжруулсан түлшний хоёрдах үйлдвэр ашиглалтад орсноор төвийн зургаан дүүрэг бус алслагдсан гурван дүүргийн агаарын чанарыг сайжруулах юм.
Энэ хүрээнд “Тавантолгой” түлш компанийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нарыг хамтран сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтад онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан үүрэг болголоо. Тэрбээр хэлэхдээ “Сайжруулсан түлш үйлдвэрлэлийн явцыг доголдолгүй явуулах, ажилтан албан хаагчдын аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой. Өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах хүрээнд халаалтын зуух, төвлөрсөн дулааны шугамд холбох ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээлээ.
Шударга мэдээ
ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа.
Тус журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.
Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.
Шударга мэдээ
“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа.
“Энэхүү журмын өөрчлөлтөөр иргэдээс хамгийн их гомдол ирдэг асуудлыг шийднэ. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхэд өгөх, авах хооронд түр байрлуулсан автомашиныг сануулга өгөхгүйгээр шууд ачдаг байдлыг өөрчлөх шаардлагатай талаарх саналыг иргэд олноор гаргажээ.
Иргэдийн саналд үндэслэн судалгаа авч тухайн тээврийн хэрэгсэл анх удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөх, дараагийн удаа дахин зөрчил гаргасан тохиолдолд ачих, торгохтой холбоотой журмын өөрчлөлтийг боловсруулжээ. Түүнчлэн тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөхөөр тусгасан байна. Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг журмын өөрчлөлтийг оруулж байна” гэв.
Харин Төлөөлөгч М.Говьсайхан түр саатуулах хашаанаас машинаа авах иргэн автомашины татвар, торгууль зэрэг бусад зөрчил, хураамжаа заавал төлсөн байх нь нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулж байгааг сануулсан юм. Замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь татвар төлөөгүй байдаг бөгөөд түгжрэлийн 15-21 хувь нь зориулалтын бус газарт байрлуулсан тээврийн хэрэгслээс шууд хамаардгийг С.Адъяасүрэн тайлбарлалаа. Улмаар уг асуудлыг хурал дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхийг дэмжлээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.Шударга мэдээ
ШӨХТГ: Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.
“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.
Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл