Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд нутгийн зарим газраар, 11,12-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Цаг үе
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж байна
Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийг хийж байна.
Энэ авто замыг өнөөдөр асфальт бетоноор хучиж байна.
Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очироос тодрууллаа.
Тэрбээр "Авто замын ажлыг есдүгээр сард дуусахаар төлөвлөж байна. Гүүрийн ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" хийж байна. Гүүрийн ажил өнөөдрийн байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй, харин замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар бууруулна” гэв.
Цаг үе
Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ
Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилнэ. Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэв.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.
Цаг үе
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх заранд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Тодруубал, Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Тиймээс иргэд та бүхэн бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарна уу.
Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.