Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Огноо:

,

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Хасу эрчим” ХХК-ийн захирал Бадрахын Бат-Эрдэнэ,

“ЧБНБ” ХХК-ийн захирал Гүржавын Чинбат,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын албаны Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Ядамжавын Пүрвээ, 

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн тэнхимийн багш Диймаажавын Эрдэнэбаатар,

МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Гончигдоржийн Хүүхэнхүү,

Гавьяат багш цолоор:

МУИС-ийн дэргэдэх Австралийн тэтгэлэгт сургалтын Монголын талын захирал Лувсанвандангийн Маналжав,

ШУТИС-ийн багш Баянжаргалын Цэрэндорж,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ядамсүрэнгийн Бямбаа,

Нийслэлийн Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Батаагийн Балжинням,

Нийслэлийн Баянгол дүүргийн УССТ-ийн захирал Лувсанжамцын Баттулга,

ШУТИС-ийн багш Чойжилийн Даваасамбуу,

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад багш Сосорын Пүрэв,

“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Чойжилсүрэнгийн Жачин,

Гавьяат барилгачин цолоор:

“Бэлийн цахир” ХХК-ийн захирал Тугалын Мягмар,

Архангай аймгийн “Гурван тамир” ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүй,

“Нео трейд” ХХК-ийн зөвлөх инженер Жамцын Галиндэв,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Монголын уулчдын үндэсний холбооны дасгалжуулагч Жамсрангийн Баянцагаан,

Гавьяат хуульч цолоор:

Монгол хурандаа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Цоодолын Алтанцэцэг,

Гавьяат жүжигчин цолоор:

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ганхуягийн Энхбаатар,

Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатар,

Дуурийн дуучин Энхболдын Анхбаяр,

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын дуучин Гомбодоржийн Бямбажаргал,

Гавьяат мал зүйч цолоор:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмад настан, малзүйч Түвдэнгийн Ваанчиг,

Гавьяат малын эмч цолоор:

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн ахмад ажилтан Жигжидийн Дамдинсүрэн,

Гавьяат механикжуулагч цолоор:

“Ургацын ундраа” ХХК-ийн захирал Лүүлүүгийн Ганболд,

“Орги тариа” ХХК-ийн захирал Цоодолын Тогоодой,

Гавьяат тамирчин цолоор:

Монголын хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор,

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учрал,

Гавьяат тээвэрчин цолоор:

“УБТЗ” нийгэмлэгийн засварын машинт станцын ахмад ажилтан Доржийн Пүрэвжав,

Дорноговь аймгийн Сайншанд сумын ахмад настан Нансалын Баасанжав,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, ахмад тээвэрчин Жанцангийн Агваанцэрэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Батхүүгийн Жигжидсүрэн,

УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Гомбын Гал-Эрдэнэ,

Гавьяат уурхайчин цолоор:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал,

“Баялаг-Орд” ХХК-ийн захирал Дашийн Чулуунбаатар,

“Их наяд” ХХК-ийн ахлах аудитор Чүлтэмийн Өлзийсайхан,

Ховд аймгийн “Ой ан интернэшнл” ХХК-ийн захирал Дагвын Жүгдэрбарам,

“Блью планет” ХХК-ийн зөвлөх Цэвгээгийн Тогтохбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

Хэнтий аймгийн сум дундын эмнэлгийн их эмч Ядамдоржийн Дарьбазар,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн,

Гавьяат эдийн засагч цолоор:

Дархан-Уул аймгийн “Зөв сонголт зөв удирдлага” ТББ-ын тэргүүн Нэмэхийн Бэрцэцэг,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Буланы Бейсен,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Үндэсний архивын газрын ахмад ажилтан Цагааны Дүүдий,

Монголын орчуулагчдын  эвлэлийн гишүүн, орчуулагч, сэтгүүлч Цэвэгжавын Цэрэн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Хөх-Өвгөний Мөнхбат,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ахмад настан Болдын Сүхбаатар,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

Монголын эм зүйчдийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал Жамсрангийн Рэнцэн-Амгалан нарыг тус, тус шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн төлөөлөн болгон:

Сүхбаатарын одонгоор Нийслэлийн Багануур дүүргийн өндөр настан Гочоогийн Аюурзана,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ахмад настан Гүнрэгжавын Отгонбаяр,

Алтангадас одонгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Тилеубердын Сайфолла,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Сүрэнжавын Алтантулга нарыг шагнаж, Төрийн дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө.

ШАГНАЛ ГАРДУУЛЖ ДУУССАНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТСЭН ЭРХМҮҮДЭД ХАНДАЖ:

Манлайлагчид, гавшгайчид аа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө уламжлал ёсоор эрхэлсэн ажил, бүтээлээрээ тодорч, манлайлж гавшгайлсан хүмүүст Төрийн цол, одон медаль гардууллаа.

Өнөөдөр шагнагдаж буй манлайлагчдын дунд Хөдөлмөрийн баатар цол хүртэж байгаа хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Бямбасүрэнгийн Шарав гуай байна. Бүтээл туурвилыг нь монголын төр удаа дараа үнэлж, Төрийн шагнал, Чингис хааны одон олгож байсан Б.Шарав гуайн хөгжмийн туурвилууд Монголын хилээс хальж, дэлхий дахинаа дуурьсах болсныг олон бүгд мэдэх билээ. Монголын уртын дууны өв уламжлалд тулгуурлан бүтээсэн Замбутивийн наран магтуу зохиолыг нь 1985 онд “ЮНЕСКО” хөгжмийн сан хөмрөгтөө бүртгэж, II симфони нь дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ үзэгдэл хэмээн мэргэжилтнүүдээс үнэлгээ авч байсан авьяаслаг хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг олгож байгаадаа баяртай байна.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа. Н.Жанцанноров гуайн Монголын хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн, үндэсний хэв маягийг орчин цагийн аястай уялдуулан бүтээсэн нь монголчуудад тодорхой агаад Монголын уламжлалт биет бус өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх, дэлхий дахинд Монголын соёл урлагийг түгээн таниулах, тархан суурьшсан монголчуудын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, нийгмээ соён гэгээрүүлэх ажилд онцгой зүтгэл гаргаж манлайлсныг цохон тэмдэглэж байна. Танд баяр хүргэе.

Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах 8 мянга 252 км шугамыг тогтоон тэмдэглэж, газрын зургаар баталгаажуулан, НҮБ-аар Монгол Улсын газар нутгийн хэмжээг тодотгон баталгаажуулсан, 1970 онд Геодези зураг зүй, газар зохион байгуулалтын болон кадастрын албыг үүсгэн байгуулж, олон жил удирдан чиглүүлсэн, олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд зүтгэсэн нөр хөдөлмөрийг нь үнэлж Баатарын Рагчаад мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Танд баяр хүргэе.

Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан төмөр замын тээвэрт олон жил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай ханган, онцгой онцгой идэвих зүтгэл гаргаж, нөр их үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн Монгол Улсын хүндэт төмөр замчин, Гавьяат тамирчин Нямын Ширнэндугарт мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Танд баяр хүргэе.

Монголын олон мянган иргэдийн цохилох зүрхийг аварсан ачтан, Улсын гуравдугаар төв эмнэлэгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн Танд Монгол Улсын Хүний гавьяат эмч цолыг мөн олголоо. Эмч Ц.Даваацэрэн эрүүл мэндийн салбарт 36 жил ажиллахдаа нийт 39 мянга 658 иргэнд мэс заслын үйлчилгээг гардан үзүүлснээс 3 мянга 511 зүрхний мэс заслыг амжилттай хийжээ. Танд баяр хүргэе.

Урлаг соёлын салбарт 42 жил үр бүтээлтэй ажиллаж, ”Ацаг шүдний зөрөө” уран сайхны киноны Намжилын дүрээр үзэгч олныхоо сэтгэлд хоногшсон жүжигчин Даваагийн Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгож байгаадаа баяртай байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн анхны гоолын эзэн, олон улсын хэмжээний мастер, Монголын хөл бөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Болдын Буман-Учралд Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо. Хөл бөмбөгийн спортоос төрж байгаа анхны гавьяат тамирчин болж байгаад тань халуун баяр хүргэе.

Үндэсний архивын газарт 41 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеэ сургахад хичээл зүтгэл гаргаж яваа Цагааны Дүүдий гуай, хэвлэл мэдээллийн салбарт 1968 оноос хойш сурвалжлагч, судлаач, орчуулагчаар үр бүтээлтэй ажилласан Цэвэгжавын Цэрэн нарт мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож байна. Та бүхэнд баяр хүргэе.

Шагнагдагсад аа, манлайлагчид аа

Та бүхэнд Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, төрийн өндөр цол, одон медалиар шагнагдсанд дахин баяр хүргэе!

Олон ардад хөдөлмөр бүтээл, манлайллын үлгэр жишээ болон  хичээн зүтгэсэн та бүхэнд баярлалаа.

Сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол Улс мөнхөд оршиг” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Найман байршилд явган хүний зам засаж, шинэчилжээ

Огноо:

,

Улаанбаатар хотын 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80,000 метр квадрат явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41000 метр квадрат явган хүний замыг засаж, шинэчлээд байна.

Хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Иймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан, шинэчилж байгаа юм.

Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж буй. Явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчилж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

Огноо:

,

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдсаныг тэмдэглээд олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байгааг онцолсон.

Түүнчлэн 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ гэж байв.

2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна. Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилт тавьж байгаагаа Засгийн газрын тэргүүн танилцуулгадаа тодотгосон.

Мөн тэрбээр, ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад оруулна. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье гэж байлаа.

Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлоод хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ гэдгийг тодотгож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жилд онцгой анхаарал хандуулна. Эрүүл хүнс бол эрүүл Монгол Улс бүрдэх суурь нөхцөл төдийгүй экспорт нь 92 хувь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд төрөлжин хөгжих боломж бүхий эдийн засгийн хоёрдахь том салбар билээ. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулах болно. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломж бүхий гуравдахь том салбар гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа дурдсан.  

Мөн ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгаагаа онцлохын зэрэгцээ чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулна гэж байлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн тодотгоод  Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг онцлов.

Мэдээж 2023 оны төсөв зарим талаараа давс мэт шорвог сонсогдож магадгүй. Гэвч бид ирэх жилүүдэд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгтэй чухал төслүүдийг цаг алдалгүй богино хугацаанд хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй Шинэ сэргэлтийн төсөв юм. 2022 оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулан, өргөн барьж байна. Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 18.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлагыг 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37,6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2,8 хувьтай тэнцэхээр төсвийн төсөлд тусгасныг дурдаад төсвийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар 1.0 их наяд төгрөг, Засгийн газрын зээлээр 417.5 тэрбум төгрөг, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлээс 132.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр нөхөхөөр тооцсоныг онцлов.

Төрийн аудитын байгууллагын Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтүүд нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа ч өргөн барьсан төсөв урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилттой уялдахгүй байх, төсвийн удирдлагын зарчим алдагдах эрсдэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг дурдсан байлаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор, улс орны гадаад дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг аудитын дүгнэлтэд дурдсаныг онцлоод төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцөлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулсан.

Түүнчлэн төсвийн төсөл нь үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлж, дүгнэх шаардлага бий болсон бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэх горим тогтолцоо төлөвшөөгүй, арга зүй, нарийвчилсан аргачлал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа тул дүгнэлт гаргахад хүндрэл учирч байна. Иймд төсвийн төслийг үндэсний аюулгүй байдлын бодлогод хэрхэн нийцүүлэх арга замыг тодорхойлж, баталгаажуулах шаардлагатай байгааг дүгнэлтэд дурдсан байлаа.

Хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс Эрүүл мэндийн салбарын төсвийг инфляц, валютын ханш, үнийн өсөлттэй уялдуулан төсвийн төсөлд тусгасан эсэх, хөнгөлөлттэй эмийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлаж байлаа. Мөн  нийслэлийн төвлөрлийг сааруулахаар зорьж байгаа ч 2023 оны улсын төсөвт хөдөө орон нутагт нэг ч шинэ хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөгөөгүй шалтгааныг тодруулсан. Засгийн газрын зүгээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь ямар хэлбэрээр олгохоор болсныг тодруулахын зэрэгцээ ирэх онд шатахуун, түлшний асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөснийг  лавлаж байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа, Салбарын яамны зүгээс ирэх оны төсвийг оруулахдаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тарифт тодорхой өөрчлөлт хийж, зарим тусламж, үйлчилгээг нэмж нэг их наяд 570 тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч Сангийн яам нэг их наяд 481 тэрбум төгрөгөөр даатгалын сангийн төсвийг баталсан гэдгийг тодотгов. Мөн эмийн хөнгөлөлтийн тарифыг нэмж, 2022 оны төсөвт 67 тэрбум төгрөг байсныг ирэх оны төсөвт 90 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж байлаа.

Харин Сангийн сайд Ж.Жавхлан, төсвийн шинэчлэлийн хүрээнд томоохон тохируулга хийхээр зорьсныг онцлоод энэ хүрээнд ирэх жил хийх нийт 1061 төслийн 914  нь буюу 86 хувийг 2023 онд ашиглалтад оруулж дуусахаар тооцсон. Өмнө энэ коэффициент 40 орчим хувь байдаг байсан. Өмнөх жилүүдийн хуримтлагдсан, шилжиж ирсэн төслүүдийг цаашид даамжрах, үнийн өсөлтөөс сэргийлж, олон жил дуусаагүй, мөн ойрын жилүүдэд шилжиж ирэх төслүүдийг дуусгах зорилтыг тавьсан.  Энэ хүрээнд шинэ хөрөнгө оруулалтаас татгалзах бодлогыг барьж байна гэж байлаа. Мөн тэрбээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дээр хүүхдийн мөнгийг суулгаад 1.4 тэрбум төгрөгийг халамжийн нэг төрөлд багтаасан. Хүүхдийн мөнгөнд судалгаа хийхэд жилд дунджаар 33 хувь нь шууд хадгалж байна. Мөн хүүхдийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн бусаар авах уу гэж асуухад иргэдийн 90 гаруй хувь нь бэлнээр авдаг ч цаашаа хуримтлалд нь хийдэг дадалтай болжээ. Тийм учраас хүүхдийн мөнгө хуримтлалыг дэмжсэн бодлого болж байгаа хэмээж байв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын шатахууны нийт хэрэглээ 1.5 сая тонн, шатах тослох материалтай нийлбэл 1.8 сая тонн байдгийг тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд шатахууны асуудлаар тогтвортой гэрээ байгуулах эхлэл тавигдсан. Энэ хүрээнд АИ-92 бензин 815 ам.доллараар таван жилийн туршид хадгалагдах боломжтой. Гэрээ хараахан байгуулагдаагүй байгааг хариултдаа онцлоод дизелийн түлшийг зах зээлийн үнээс 10 хувийн хямдралтай авч байна.  "Роснефт" компани дотоод зардлуудаа буулгасан. Нийлүүлэгч тал өмнө нь ийм тодорхой хямдралыг үзүүлж байгаагүй гэж байлаа.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх гишүүдийн асуулт, хариултыг баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Огноо:

,

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүдийн асуулт, хариултыг явуулснаар түр завсарласан.

Үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Н.Ганибал, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Энэ удаа мөнгөний бодлогоо урдаа тавьж, төсвөө дагалдуулах бодлогын сонголт хийх ёстойг тодотгохын зэрэгцээ ирэх оны төсвийг хумьж, мөнгөний бодлогоо чангаруулах шаардлагатай гэсэн саналыг хэлсэн. Түүнчлэн Улсын  Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд оруулж, эдийн засгийг өсөлттэй гарна гэж төсөөлсөн байна. Гэхдээ танилцуулгаас харахад эдийн засгийн бодит салбарын өсөлт харагдахгүй байгаа тул энэ асуудалд анхаарах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөнгөний бодлогын хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд итгэлцлийн зээл шиг тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд анхаарч, энэ асуудалд бодлогын түвшинд ажиллахыг хүссэн.

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол8 цаг 50 минут

Д.Сумъяабазар: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай о...

Чөлөөт цаг8 цаг 55 минут

Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхай...

Улстөр нийгэм9 цагын өмнө

Найман байршилд явган хүний зам засаж, шинэчилжээ

Чөлөөт цаг9 цаг 5 минут

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилт...

Улстөр нийгэм9 цаг 11 минут

УИХ: Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж...

Улстөр нийгэм9 цаг 14 минут

УИХ: Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Шударга мэдээ9 цаг 17 минут

Автобензиний импорт үнийн дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 1.9 дахин ...

Чөлөөт цаг9 цаг 19 минут

Гаалийн байгууллагаас анхааруулж байна

Чөлөөт цаг9 цаг 26 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Чөлөөт цаг9 цаг 29 минут

с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох