Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж үг хэллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай,  үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. Улсын Их хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг.

Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал Та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн Ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.

Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “…Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн Ерөнхий хорооны ноцтой алдаа.

Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.

Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.



Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ.

Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна.

     2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
    2012 онд 35.3%
    2016 онд 33.6%
    2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.

Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн харгай гэж үзэхээс өөр арга алга. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан юм.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна.

Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.

Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг Та бүхэн хийх ёстой.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад Та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална.

Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил Та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт – Тавантолгой, Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт – Баруун-урт, Баруун-урт – Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгой, Оюутолгой, Хармагтай, Цагаан суварга, Манлай, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм.  Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна.

Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж  хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна. Жилд 10 – 15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

Эрхэм гишүүд ээ,

Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.

Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр "Цэргийн наадам-2020"-д оролцохгүй

Огноо:

,

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын “Цэргийн наадам”-ыг зохион байгуулах талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?

-Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Оросын Холбооны Улс бусад зохион байгуулагч улстай хамтран 2020 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Цэргийн наадам”-ын цэргийн мэргэжлийн цогцолбор уралдаан, тэмцээнүүдийг дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

-Монгол Улсын хувьд ямар үүрэг, оролцоотой байгаа вэ?

-“Цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг зарим төрлийн цогцолбор уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн амжилттай оролцож ирсэн. Түүнчлэн 2019 онд анх удаа олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулан уралдаанд оролцогч орноос зохион байгуулагч орон болж оролцоогоо нэмэгдүүлсэн.

-УОК-оос “Цэргийн наадам”-ыг зохион байгуулахтай холбоотой ямар санал, зөвлөмжийг ирүүлсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин “Цэргийн наадам-2020”-ын хүрээнд явагдах олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг бие даан, “Цэргийн ралли” уралдааныг Оросын Холбооны Улстай хамтран өөрийн оронд болон тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Шри Ланк улсуудад зохион байгуулагдах “Танкийн биатлон”, "Инженерийн томъёолол", “Цэлмэг тэнгэр”, “Зэвсгийн мастер”, “Артиллерийн галын мастер”, “Хурдач радист”, “Мэргэн буудагчийн зааг” “Хээрийн гал тогоо” зэрэг уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийг бэлтгэн оролцуулахаар тус тус төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гаргасан УОК-ын шийдвэрийг үндэслэн дээрх уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал намжвал бид 2021 онд “Цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах эдгээр уралдаан, тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мэдэгдэл

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Дэлгэрэнгүй унших

Санал болгох