Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм.
Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сагийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх зорилгоор 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар тооцсон байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.

Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл нар оролцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ. 

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.

166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Энэ бол эхлэл. Засгийн газар зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгааг Ерөнхий сайд хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Огноо:

,

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.

Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.

Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.

Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.

Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.

Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.

Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.

Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 35 минут

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд...

Улстөр нийгэм21 цаг 1 минут

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллэ...

Шударга мэдээ21 цаг 9 минут

“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц

Шударга мэдээ21 цаг 18 минут

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай э...

Улстөр нийгэм21 цаг 26 минут

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч ...

Улстөр нийгэм21 цаг 34 минут

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Улстөр нийгэм21 цаг 38 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Улстөр нийгэм2026/10/21

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе2026/10/21

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе2026/10/21

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Санал болгох