Цаг үе
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд их хэмжээний шороо асгаж овоолжээ. Энэ нь иргэдийн саадгүй зорчиход нөлөөлж байгаа учир иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас байршил дээр нь ажиллаж, зөрчлийг 10 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ. Тухайн орчимд таван аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд шороо овоолж асгасан гэх мэдээлэл иргэдээс ирсэн. Аль 2023 онд шороог овоолжээ. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа таван барилгын компанид шалгалтын ажиллагаа явуулж, 10 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ. Барилгын компаниуд хоорондоо зөвшилцөж, хуваарийн дагуу шороог зөөвөрлөх үүрэг хүлээлээ. Харин Сүхбаатар дүүргээс шороог хаяж асгах цэгийг зааж өгнө” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа аж. Тодруулбал, барилгын компаниудын зөвшөөрөл, бичиг баримт шаардлага хангаж байгаа эсэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэрийг эх оронд нь буцаана
Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах хоёр ховор бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Эдгээр үнэт эх сурвалжийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Монгол судлалын чиглэлээр олон жил судалгаа хийж, эх бичвэрүүдийн гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжжээ.
Буцаан шилжүүлсэн эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх лам Түмэдийн ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 оны орчимд орчуулагдсан байх магадлалтай байна. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн монгол бичгээрх Гэсэрийн тууль-ын ховор эх юм. Уг хэвлэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад өндөр үнэ цэнтэй эх сурвалжид тооцогдож байна.
Эдгээр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнст-ийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан аж. Олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байгаа нь Монголын бичгийн болон соёлын өвийг хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.
Мөн энэ нь Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг албаныхан онцолсон байна.
Цаг үе
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2026 оны дөрөвдүгээр сарын 06-наас 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Хур тунадас: 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Цаг үе
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо жил бүр өссөөр байна. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд нэг болон хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн бөгөөд Хоёрдугаар тойрог зам нь 21.6 км урттай, хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замтай шууд холбох юм.
Тодруулбал, тус төслийн баруун маршрут нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн.
БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. "Хоёрдугаар тойрог зам" төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй оршин суугчийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн. Тус судалгаагаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулах тооцоо гарсан бөгөөд хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар буурах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурах үзүүлэлт гарчээ.
Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, нийтийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
-
Цаг үе2026/02/06
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүү...
-
Шударга мэдээ2024/01/15
Хог хаягдлыг шатаан, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судалж байна
-
Улстөр нийгэм2025/12/01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
-
Урлаг спорт2023/02/04
Баянхонгорт усан бассейн бүхий Спорт цогцолбор ашиглалтад орно
