Улстөр нийгэм
“Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал боллоо
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Их сургуультай хамтран “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол, практикийн бага хурлыг энэ сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хурлыг Улсын Их Хурлын гишүүн тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлэв. Үндэсний аюулгүй байдлыг бүс нутаг болон олон улсын хэмжээнд баталгаажуулах, цаашлаад улс орны хөгжлийг бий болгоход гадаад харилцааны нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилгын нэг гэдгийг тэрбээр тодотгов.
Өнөө цагт аль ч улс орон дангаараа аюулгүй байх боломжгүй нөхцөл байдалд хүрч, гадаад харилцааны уламжлалт харилцааны хөрс суурь өөрчлөгдсөн. Олон улсын ээдрээтэй, тодорхойгүй нөхцөл байдал урт хугацаанд үргэлжлэхээр байна. Нэгдүгээрт, олон улсын харилцаанд туйлшрах хандлага, үндсэрхэг үзэл, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж, аюулгүй байдлын дэг журмын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй, шинэ том нэгдлүүд бий болж, хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалтууд хийгдэж байна.
Ийм нөхцөл байдалд Монгол Улс “нээлттэй”, “олон талт”, “тэнцвэртэй” гадаад бодлогоо тууштай баримтлахын зэрэгцээ хоёр хөрштэйгөө нөхцөл байдлаа зохистой хэлбэрээр ойлголцож, ухаалаг бодлогоор эдийн засаг, хамтын ажиллагааны харилцаагаа өргөжүүлж бэхжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээлээ.
Өнөөдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд өнөө цагт өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал, мэдээллийг цаг үетэйгээ нийцүүлэн илүү судалгаа тооцоотой, бодитойгоор дүгнэх, Монгол Улсын гадаад бодлогод тулгарч байгаа шинэ сорилт, тулгарч байгаа асуудлыг зөвөөр үнэлж, бодлогоо боловсруулахыг шаардаж буйг Байнгын хорооны дарга тэмдэглэсэн.
Энэ ч үүднээсээ онол практикийн эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэн түүний шинэ сорилт, ололтын талаар судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Д.Мөнхтөр уламжлав.
Уг мэндчилгээнд, өмнөх бага хурлаас хойш бараг бүтэн жил өнгөрсөн нь түүхийн их эргэлтэд багахан хугацаа боловч дэлхий дахин, бүс нутагт олон үйл явдал болж өнгөрлөө. Ингэхдээ урьдын адил ээдрээтэй, цаашид хэрхэн өрнөж, ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй хэвээр байна. Дайн, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засаг санхүүгийн хүндрэл зэрэг сорилтууд үргэлжилж, ойрын ирээдүйд арилах, жигдрэх магадлал төдий л харагдахгүй байгааг судлаачид тэмдэглэж байна.
Ийм ээдрээ, сорилттой цаг үед гадаад бодлогын нэгдмэл байдлаа хадгалж, гадаад харилцаа ямар нэг удаашрал, сааталгүй, хэвийн үргэлжилж, Монгол төрийн Алтан аргамж бат бөх хэвээр байгааг нотлон хэлье.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын зарчмууд алсыг харсан, холч ухааны тусгал болох нь улам батлагдсаар байна. Эдгээрийг идэвхтэй, бүтээлч ажиллагаагаар тууштай хэрэгжүүлж байгаа.
Харилцаа, хамтын ажиллагааны эрчтэй өрнөл дунд Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр хангагдаж байгааг онцолмоор байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ, БНХАУ-д ажлын айлчлал хийж, гурван улсын төрийн тэргүүний уулзалт гурван жил завсарлаад дахин зохион байгуулагдлаа. Турк улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекистан, Киргизстантай иж бүрэн түншлэл тогтоов. Төв Азийн орнуудтай хэсэг хугацаанд орхигдуулсан харилцаагаа сэргээж буй нь гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, үйл ажиллагааныхаа орон зайг тэлэх, бүс нутагтаа идэвхтэй байх зорилгоос үүдэлтэй. Идэвх гэдэг ойлголтыг гадаад бодлогоо хэрэгжүүлж буй нэг арга хэлбэр төдийгүй цаашид баримтлах зарчим болохуйц хэмжээнд хэлбэржүүлэхийг зорьж байна хэмээн дурджээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Д.Цогтбаатар энэхүү бага хурлыг дэмжин оролцож байгаагаа илэрхийлээд Монголын МГИМО төгсөгч гэдгээ онцлов. Тэрбээр, жижиг улс орнуудын хувьд гадаад бодлого бүх асуудлуудын зангилаанд оршдог гэв. Евразийн аюулгүй байдал бол дэлхий нийтийн аюулгүй байдлын асуудал юм. Дэлхийн олон улсын харилцааны чиг хандлага томоохон өөрчлөлтөд орохоод олон сорилтуудтай учирч байна гэлээ.
Энэ өдрийн хурлын үндсэн илтгэлийн эхнийх нь Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянтогоогийн "Евразийн аюулгүй байдлыг геополитикийн үүднээс шинжлэх нь” сэдэвт илтгэл байв. Төрийн үзэл санааны парадигм, реализм, стратеги судлал, геополитикийн талаар тэрбээр тайлбарлаж, Еврази тивийн аюулгүй байдалд стратегийн онолоор хийсэн шинжилгээний талаар танилцуулж, манай улсын хувьд хөрш орнуудын стратегийг судлах зүйтэй гэж үзэж байгаагаа дурдлаа.
Дараа нь "Евразийн геополитик, аюулгүй байдлын шинэ орчин ба Монгол Улс" сэдвээр ШУА-ийн Бага чуулганы гишүүн, ҮАБЗ-ийн ССХ-гийн захирал, доктор Ж.Мэндээ, ҮАБЗ-ийн ССХ, Аюулгүй байдлын бодлого судлалын төвийн дарга Н.Соёлгэрэл нар илтгэл сонордуулсан бөгөөд илтгэлдээ Евразийн геополитик, аюулгүй байдлын орчин өнөөдөр их гүрнүүдийн өрсөлдөөн, бүс нутгийн бие даасан хандлага, технологийн хуваагдал, уур амьсгалын дарамтаар тодорхойлогдох түүхэн шилжилтийн үе шатанд байгааг онцлов. Тодруулбал, бүрэлдэж буй дэг журам нь хоёр туйлт ч биш, нэг туйлт ч биш харин олон төвт, хувьсамтгай бүтэцтэй байгаа нь Монгол Улсын хувьд энэ өөрчлөлт нэгэн зэрэг боломж бас эмзэг байдал авчирч байна гэв. Түүнчлэн манай улсын хувьд гадаад бодлогын зарчмаа ягштал баримтлан, эдийн засаг, түншлэлээ төрөлжүүлж, уламжлалт бус эрсдэлээс хамгаалах, тогтвортой байдлыг хослуулах шаардлагатай байна гэлээ.
ҮАБЗ-ийн ССХ, Аюулгүй байдлын бодлого судлалын төвийн дарга Н.Соёлгэрэл өөрийн үнэт зүйлд суурилсан нэр хүнд, дипломат төвийг сахисан байдал, геоэдийн засгийн чадавхдаа тулгуурлан Евразийн шинэ орчинд бүтээлч, хариуцлагатай үүрэг гүйцэтгэх боломж байгааг мөн дурдав. Динамик буюу харилцан хамаарал өндөртэй бүс нутагт Монгол Улсын амжилт стратегийн урьдчилсан хараа, институцийн дасан зохицох чадвар, бүх хөрш, түншүүдтэйгээ тэнцвэртэй, ухаалаг харилцах бодлогоос хамаарах болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Үүний дараа нь "Уламжлалт бус аюулгүй байдал ба Еврази" сэдвээр ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин илтгэл танилцууллаа. Тэрбээр аюулгүй байдлын онол, үзэл баримтлалд гарч буй өөрчлөлтийн талаар онцолсон бөгөөд хүн төрөлхтөн уламжлалт цэрэг, дайны аюулын зэрэгцээ уламжлалт бус аюулын асуудалд анхаарах шаардлага бий болсон нь хүний өдөр тутмын амьдралын орчинд үүсэж буй ээдрээтэй олон хүчин зүйлсээс эхлээд уур амьсгалын өөрчлөлт зэрэг ноосферын аюулгүйн орчинг хамарсан даяар хүчин зүйлсээр дамжин илрэн гарч байна гэв.
ШУА-ийн Бага чуулганы гишүүн, ШУ-ы доктор, профессор ХИС-ийн ОУХНСС-ийн захирал Д.Уламбаяр Их Евразийн түншлэлийн сорилт ба Монгол Улс" сэдвээр, Гавьяат эдийн засагч, доктор, ахмад дипломатч Ж.Гөлгөө "Евразийн эдийн засгийн аюулгүй байдлын орчин ба нөлөө" сэдвээр, ШУА-ийн ОУСХ-гийн судлаач, ШУ-ы доктор А.Даваасүрэн "Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга ба ОХУ" сэдвээр, ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн дэд профессор, доктор Д.Сэрдарам, Евразийн стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Буянцогтоо "Монгол-БНАСАУ-ын шинэ үеийн харилцаа ба Евразийн аюулгүй байдал" сэдвээр, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга "Еврази дахь ЗХА-ийн хүчин зүйл: Хятад-Японы харилцаан дахь "Шинэ хүйтэн" үе" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Бага хурал үдээс хойш панел хэлэлцүүлгээр үргэлжилж, оролцогч эрдэмтэн судлаачид, аюулгүй байдлын шинжээч, дипломатч, судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Тус бага хурлаас гарсан зөвлөмж, үр дүн шийдвэр гаргах үндэс болно гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хурлын өмнө онцолсон юм.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Цаг үе2020/07/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Урлаг спорт2023/12/28
Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “УЛААН ЯВАР” кино 2024 оны нэгдүгээр...
-
Цаг үе2024/03/14
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ
-
Цаг үе2023/09/15
Металлургийн инженерүүдийг ОХУ-д бэлтгэнэ
