Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана

Огноо:

,

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.

Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.

Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж байгааг НХОГ-ын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг хэлж байлаа.

Тохижилтын ажлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусахаар цаг алдалгүйгээр тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд  ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг ханган давс, бодисын нөөцийг бүрдүүлж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.

Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох