Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

Огноо:

,

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Солонгосын Сэтгүүлчдийн холбоо   хамтран  “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл-Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт  чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Хоёр орны сэтгүүлчдийн дунд энэхүү чуулган анх удаа зохион байгуулагдаж бөгөөд Солонгосын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон 30 орчим сэтгүүлч, манай талаас Сэтгүүл зүйн салбарын 50 гаруй төлөөлөгч, сэтгүүлч, эрдэмтэн докторууд оролцох аж.  

 Чуулган 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхлэж дөрвөн өдөр үргэлжлэнэ. Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулганы үеэр “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”,  Монголын мэдээллийн Вэбсайтын хөгжил зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг хийх юм.

Монгол, Солонгосын сэтгүүлчдийн  анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны хувьд ч томоохон дэвшил тул манай улсын Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож  хүндэтгэл үзүүлэхээ мэдэгджээ.  Чуулганы төгсгөлд  хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж хурлаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэлээ. Хэвлэлийн хурал зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д болно.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг та бүхэнд хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:                                                                                                                                                                                                 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Г” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй

Огноо:

,

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг энэ сарын 03-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн бөгөөд 01 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар болсон билээ. Бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд  нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласан.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахдаа 1992 оноос хойшхи 30 орчим жилийн Монгол улсын хөгжлийн явцыг давхар дүгнэсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд энэ үеэр онцолсон. Энэ хугацаанд Монгол улс урт, дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулж, үйл ажиллагаандаа тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байжээ. Ардчиллын олон чухал үзүүлэлтүүд нутагшсан зэрэг эерэг үр дүн олон байгаа ч баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол улсын нэгдмэл үнэт зүйлст эрсдэл учирч, хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарсан байгаа нь бид “ХҮН”-ээ өнгөрсөн 30 жил орхигдуулсантай холбоотой. Тиймээс 2050 он хүртэлх дараагийн 30 жилийн хөгжлийн бодлогодоо үүнийг чухалчилж тусгайлсан бүлэг болгож оруулсан гэх зэргээр төслийг дэлгэрэнгүй танилцуулав. 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.

Одоо энэхүү “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учир аймаг, нийслэлийн удирдлагууд сайтар танилцаж, өөр өөрсдийн орон нутгийн онцлог, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ санаа, бодлыг сайтар тусгуулах шаардлагатай гэдгийг ч тодотгов. Мөн аймаг бүр алсын хараагаа тодорхойлж, нутаг, нутгийн онцлог, хөгжиж болох шийдлүүдээ оновчтой гаргаж ирэх нь чухал гэдгийг аймаг, нийслэлийн удирдлагуудад чиглэл болголоо. Хамгийн гол нь хөгжлийн бодлогын цөм нь “Монгол хүн” байж хөгжлийн бодлогын зорилго бүр нь Монгол хүний сайн, сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэх ёстойг онцолсон. Ялангуяа урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан байгаа “Бүсчилсэн хөгжил”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн зорилтуудад аймгийн дарга нар онцгой анхаарч, санал, шүүмжлэлээ заавал ирүүлэхийг үүрэг болгосон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Одоогийн байдлаар 14 аймаг энэхүү бодлогын баримт бичигт тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн байна. Аймаг, сум бүр өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүн дээрээ тулгуурлаж л хөгжлөө тодорхойлох ёстой. Мөнгө, эдийн засаг гэж бид 30 жил явсан. Харамсалтай нь энэ хугацаанд хүнээ орхигдуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь ядуу байна. Тийм учраас аль нэг нам гэлгүйгээр бид нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэх цаг болжээ. “Монгол улс” гэсэн нэг л завин дээр хамт яваа гэдгээ байнга санаж, ирэх 30 жилээ одооноос тодорхойлох ёстой.

“Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй” гэдэг үгийг хаана, хаанаа сайтар ойлгож, төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахгүй бол өнөөдрийн Монголыг дэлхий мэдэхгүй байна.  Зөвхөн Чингис хаанаар төсөөлөх төдийхөн байгаа нь өнөөг хүртэл  тодорхой бодлогогүй, зорилгогүй, нэгдмэл байж чадаагүй бидний л буруу. Өнөөдрийн бид 2050 он гэхэд байх үгүй нь хамаагүй. Бидний үр хүүхэд тэр үед энэ улсад амьдарна, Монгол улс, үндэстэн оршин тогтнох ёстой шүү дээ. Бид зөвхөн өнөөдрөө харж амьдармааргүй байна. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн утга учир ч үүнд чиглэж байгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш. Өнгөрснөө дүгнэж, түүндээ суурилж салбар салбарын алдаа, оноог тал талаас ярилцаж, ирээдүйн алсын хараа,  зорилтоо тодорхойлсон төлөвлөлт юм. Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно.” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.23) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр тоот захирамжийн дагуу хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Улсын Их Хурлын гишүүүн Л.Болд, Д.Мурат, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Харилцаа, холбооны зохицуулах хорооны төлөөлөл орж ажилласан байна.

Энэ хугацаанд ажлын хэсэг таван удаа хуралдаж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 94, төслийн үг хэллэг, нэр томьёо, дугаарлалтыг жигдэлсэн 5 багц найруулгын санал бэлтгэжээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нар хариулт, тайлбар өгөв. Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсгээс гишүүдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төсөлд орон нутгийн сонгуульд нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасныг ажлын хэсэг 8 дугаар сарын 01-ээс гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжээгүй аж. Харин хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгож багасгажээ. Түүнчлэн сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээх, өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 15-наас зогсоогоод 10 дугаар сарын 15-наас нээхээр зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль” гэсний дараа “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “25” гэснийг “18” гэж өөрчлөхийг дэмжив. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн дугаарыг 4.9 дэх хэсэг болгож, орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт нь нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт; энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт гэсэн төрөлтэй байхаар өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа өгөх боломжоор хангагдсан байна” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсгийг нэмэхээр болов.

Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төвд 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төв болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 7 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс” гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн “ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо.

Харин төслийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийн “5 дугаар сарын 01-ний” гэснийг “8 дугаар сарын 01-ний” гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан санал Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсгийн саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Энэ саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга С.Бямбацогт Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байгаа, төрд ажиллах хүсэлтэй нь төрийн албандаа тууштай үнэнчээр ажиллах, харин улс төрд орох хүсэлтэй нь ажлаа өгөөд улс төрөө хөөгөөд явдаг байх нь зүйтэй, сонгуульд нэр дэвшиж ялагдчихаад төрийн албанд буцаад ордог байдлыг эцэслэх ёстой. Энэ заалт дэмжигдвэл хууль хоорондын зөрчил үүсэхэд хүрнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Ингээд уг саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.3 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжив.

Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болов. Харин төслийн мөн зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 29.8 дахь хэсэг нэмэх санал гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргасан ч дэмжигдээгүй. Иймээс уг заалтыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин нягталж, хууль хоорондын уялдааг хангах, зөрчлийг арилгах чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн юм.    

 Түүнчлэн төслийн 33 дугаар зүйлд “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэсэн агуулгатай 33.1.9 дэх хэсэг нэмэх, төслийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтыг “ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа” гэж өөрчлөн найруулах, төслийн 32 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн агуулгатай 3.2.11, 32.3.13 дахь заалтыг нэмэхээр тогтов.

Төслийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийн нэгтгэн, “56.2.Хандив өгөхийг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ” гэж, төслийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 63.2.1, 63.2.2 дахь заалтыг “63.2.Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх харьяа өрхийн эмчийн магадлагааг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлнэ” гэж бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн төслийн 48 дугаар зүйлд “Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчиддоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй” гэсэн агуулгатай 48.7 дахь хэсгийг шинээр нэмэхийг дэмжлээ.

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хуулийн төсөлд “сонгогчдын ирц 50+1 хувь байх” гэсэн агуулгатай заалтыг тусгах санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.8 хувь нь дэмжив. Түүнчлэн хуулийн төслийн талаарх найруулгын саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох