Улстөр нийгэм
“Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хот байгуулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, Хархорум хотын байгуулалтад аялал жуулчллын чиглэлийг хэрхэн тодотгосон талаар тодруулсан. Анх удаа хотыг төлөвлөж, байгуулахаар санаачилсан гэдгийг онцлоод Хархорум хотын захиргааг байгуулсан талаар мэдээллийг өгсөн. Тус захиргаанаас өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад архитектур, хот төлөвлөлтийн олон улсын компаниуд саналууд ирүүлсэн хэмээн Монгол Улсын сайд Н.Учрал хариуллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тооцож, Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх тохиолдолд татваруудаас чөлөөлдөг, хойшлуулдаг энэ эрх зүйн орчныг нь бүрдүүлэх юм байна. Хархорин нь Их Монгол Улсын нийслэл байсан төдийгүй олон улсын худалдааны зангилаа төв байсныг тэрбээр дурдаад, Орхоны хөндийд одоо ч гэсэн жилд 40-50 мянган жуулчин очдог учраас хот байгуулахдаа эдгээрийг тооцсон болохыг тайлбарласан. Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлийн туурийг сэргээж, музей хэлбэрээр ажиллуулах, монгол залуусын виртуал орчинд бүтээсэн эртний Хархорум хотыг олон улсад сурталчлах боломжтой хэмээн үзснийг тэрбээр хариултдаа дурдсан. Шинэ хот байгуулах санхүүжилтийн талаар тодруулахад “Нэн тэргүүнд дэд бүтцийг нь шийдэх шаардлагатай. Улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын санхүүжилтээр дэд бүтцийг нь бүтээн байгуулахаар төлөвлөөд, ажиллаж байна. Тийм учраас энэ хуулийн төслийг дагалдуулаад хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн. Эдгээр нь батлагдвал Хархорин хот бие даасан статустай болоод, Захирагчтай болоод бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ” гэж Н.Учрал сайд хариулсан. Хот байгуулах мэргэжил ашиглалтын өмнөх захиргааг яаралтай байгуулж, ажилд нь оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг А.Ганбаатар гишүүн илэрхийлээд, төмөр зам, агаарын тээвэр, хурдны зам, метро, хурдны галт тэрэг зэргийг байгуулах, мөн засаг, захиргааны байгууллагуудаа төвхөнүүлж, сургууль, эмнэлэг, соёл, спортын байгууламжуудаа байгуулчихвал хүмүүс аяндаа шилжин суурьшиж, төвлөрөл бий болно хэмээсэн.
Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг гэдгийг Ж.Баярмаа гишүүн дурдаад, бүтээн байгуулалт өрнүүлэхдээ архелоги, антропологийн судалгааг хамт хийсэн эсэхийг лавлав. Ажлын хэсгээс хариулахдаа “Газар доор нь монгол угсаатны 5 нь нийслэлийн туурь байгаа учраас 2004 онд Орхоны хөндийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Хархорум хотыг барих газрын байршил нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн дэлхийн соёлын өвийн газар дээрээ давхцаж болохгүй учраас хот байгуулахад тохиромжтой, зэрэгцээ 183 га газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан” гэв. Түүнчлэн хот бүхэлдээ төлөвлөгдсөн байх учраас энэ дагуух хөрөнгө оруулалт, түүнийг дагасан газар олголтын шийдвэр гаргах болно гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Хархорум хотын хөгжлийн бүтээн байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг С.Эрдэнэболд гишүүн илэрхийлээд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байгааг тодруулсан. Хот төлөвлөлтийн нарийвчилсан стратегийг боловсруулж, дэд бүтцийг орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу бүтээн байгуулах, ногоон байгууламжийг тэргүүн эгнээнд тооцож, төлөвлөдөг, иргэдийн оролцоог хангах зэрэг хотыг сэргээх олон улсын жишиг байдгийг Н.Учрал сайд дурдаад “Хархорум хот анх 1220 онд байгуулагдсан. Тухайн орчин нь газарзүйн байршил, цаг уур, орчин нөхцөл, байгалийн хувьд нэн таатай, даацын хувьд хангалттай учраас хот байхад зөв байршилтай. Тэр ч утгаараа хотыг сэргээн байгуулахдаа түүхэн дурсгалт газрыг нь сэргээж, орчин үед нийцүүлэх нь чухал гэж харж байна. Тийм ч учраас Хархорум хотын тэргүүлэх чиглэл нь түүхэн аялал жуулчлал байж, бүтээн байгуулалтыг үүнд чиглүүлэн, брэндинг бүрдүүлж, дэлхийд таниулах ёстой гэж үзсэн” гэв. Б.Батбаатар гишүүнийн тодруулсны дагуу өнөөдрийг хүртэлх ажлуудын талаар ажлын хэсгээс мэдээлэл өгөв. Урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж 500 мянган хүн амьдрах хот болох боломжтой, үүний 70 хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх шаардлагатай ажлуудыг ч тодорхойлсон байгаа гэв. Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын санаачилгын үр дүнд Турк Улс түүх, археологийн олдворыг сэргээх төсөл дээр хамтрах, Арабын улсууд Хархорум хотын эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах, Австрали Улс цэвэр усны шугам, хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэх, Болгар Улс орон сууцын төслүүд дээр ажиллах, БНХАУ хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтарч хэрэгжүүлэх, ОХУ барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн төсөл дээр, БНСУ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд таниулах дээр хамтарч ажиллах саналуудаа илэрхийлээд байгаа талаар Н.Учрал сайд мэдээлэл өгөв. Олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл учраас хууль гаргах нь чухал байгааг тайлбарлаад, Ерөнхийлөгчийн институц, гүйцэтгэх засаглал хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийнэ гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Сангийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа А.Ундраа, С.Эрдэнэболд нарын гишүүд үг хэлсэн. Орхоны хөндий нь эртний Их Монгол Улсын нийслэл төдийгүй түүнээс өмнөх олон мянган жилийн туршид хэд хэдэн эзэнт гүрний нийслэл байрлаж асан түүхт газар нутаг гэдэг утгаараа шинэ нийслэлээ төвхнүүлэх нь Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой, улсын хөгжлийн нэгэн түлхүүр гэж үзэж буйгаа А.Ундраа гишүүн илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад хууль хоорондын нийцлийг хангах чиглэлээр чамбай ажиллах шаардлагатай гээд, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү төсөл нь монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлааг хатамжлан баталгаажуулах үйл хэрэг хэмээн С.Эрдэнэболд гишүүн онцлон тодотгоод төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бие даасан зохицуулалт бүхий эрх зүйн гаргалгаатай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, ард түмний дунд санал асуулгыг явуулж угсаатны зүй, гүн ухаан, монголчуудын өвөрмөц онцлог, түүх соёл, өнөөгийн технологи гээд олон талыг нэгэн зэрэг агуулсан мэдлэгийн иж бүрдлээр энэ хотыг стратегийг тодорхойлох, 2030 оноос цааших хүн төрөлхтний өмнө тулгарах асуудлуудад шинэ хот бэлтгэлтэй байх буюу дасан зохицох чадвартай, ногоон, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан байх ёстой гэдэг саналуудыг илэрхийлсэн.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, шинэ Хархорум хотыг байгуулах ажил ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэснээр гараагаа эхлүүлж буйг тэмдэглээд Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарал хандуулан, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, эрчимтэй ажиллах нөхцөлөөр хангана гэлээ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг түр хойшлуулж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй 7 саналын томьёололыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёололыг дэмжжээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж, тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Д.Ганбат нар асуулт асууж, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нараас хариулт авсны дараа Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.
Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Мөн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 80 гишүүн дэмжсэн юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм.
Эхэнд нь тэрбээр цахим шилжилтийн талаар, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчид 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байгаа талаар мэдээлэл өгөв. E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салангид төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан гэв.
Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэв. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2 жил 7 сарын хугацаанд тус хуульд байнга нээлттэй байхаар заасан 5 чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.
Энэхүү мэдээлэлд тулгуурлан Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ төсөл батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацын зарчмаар ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байгаа аж.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Засгийн газраас цахим өгөгдөлд тулгуурлаж, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа хэмээлээ. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын өргөн төлөөлөлтэйгээр олон жил үргэлжилж буй энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход нэн чухал байгаа хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Эрх зүйн дээрх реформыг ирэх хаврын чуулгандаа багтааж хийж чадвал 2025 оны улсын төсвийг их өгөгдөлд үндэслэн төлөвлөх боломж бүрдэх бөгөөд зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү чиглүүлэхээр тооцож байгаагаа мөн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
2028 онд ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэв.
Монгол Улс хөгжлийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн; ногоон хөгжлийн; хүний нөөцийн гэсэн гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай хэмээн энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулаад цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүссэн юм.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, Улсын Их Хурлын гишүүн, ХҮНамын төлөөлөл П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн төлөөлөл А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн, ИЗННамын төлөөлөл Б.Батбаатар нар үг хэлсэн. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Батбаатар нар Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төр данхаж, олон эрх мэдлийг хуримтлуулснаараа авлигын суурь шалтгаан болж буйг Ж.Баярмаа гишүүн хэлсэн бол О.Цогтгэрэл цахимжилт нь төрийн албыг цомхон болгохгүй байгаа шалтгааныг тодруулав. Төрийн жинхэнэ албан хаагч 20 мянга байгаа гэдгийг Н.Учрал сайд хэлээд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдахаар төрийн албан хаагчдын өсөж байгаа тоон мэдээлэл харагддаг гэдгийг тайлбарлав. Ирэх онд бол БНСУ-ын сайн туршлагад үндэслэн боловсруулсан төрийн албаны шинэчлэлийг Засгийн газраас хийхээр төлөвлөсөн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Б.Батбаатар гишүүний тодруулсан авлигыг бууруулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, цахимжилтийн үр нөлөөний талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд хариулт өгсөн.
Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссны дараа баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.
“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хууль, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг тус бүрд нь сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн, УИХ-ын Ажлын хэсэг санал, дүгнэлт гаргасныг ахлагч Х.Баасанжаргал танилцууллаа. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан энэхүү бие даасан хуулийн төсөл боловсруулсан. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимд тулгуурлан төсөл батлагдсанаар гэр бүлийн хэргийн харьяалал тодорхой болж, хүүхдийн эрхийн олон асуудал шийдэгдэнэ. Олон улсын жишигт нийцүүлэн хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шинэ аргачлалаар тооцох, зан үйлд сургах, мэргэжлийн сэтгэлзүйч оролцуулах, эвлэрүүлэн зуучлах, шүүхэд ажиллах гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч, эвлэрүүлэн зуучлагчийн хорооны гишүүн эвлэрүүлэн зуучлагч, шүүгч, эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг сургах, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр мэргэшүүлэх, шинжээч нь бакалаврын түвшний мэдлэг, мэргэжилтэй, гурваас дээш жилийн туршлагатай байх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн саналуудыг дэмжих эсэхээр санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс 65 санал боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, ахлагч Х.Баасанжаргал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор өнгөрсөн жил өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, улмаар хүний эрхтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байгаа. Манай улсад бие даасан 590 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2020 оноос хойших хугацаанд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хурлаас баталж хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тодорхой дэвшил гаргасан. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 170 зөвлөмжийг өгснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзжээ.
Уг хуулийн төсөлд үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, албаны нууцын хүрээг хумих, хөгжлийн бодлогын баримт бичигт хүний эрхийн шалгуур бий болгох, хуульчдын олон улсын гэрээний талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан. Нийт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураав. Төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хууль зүйн байнгын хороо уртасгасан цагаар хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хувийн эрх зүйн суурь хуульд тооцогдох Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн. Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдах ажээ. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох зэрэг харилцааг зохицуулах талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл танилцуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна. Тус цогцолбор ашиглалтад орсноор сургуулийн өмнөх болон бага боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэх юм.





Улстөр нийгэм
ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч ноён Тахсин Саади тэргүүтэй төлөөлөгчидтэй 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уулзаж санал солилцов.
ОУВС нь Дүрмийн IV заалтын хүрээнд гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, макро эдийн засгийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлох, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай тогтмол зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулдаг. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2026 оны 6 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж, Дүрмийн IV заалтын дагуух ээлжит зөвлөлдөх уулзалтаа Авлигатай тэмцэх газарт хийсэн юм.
Уулзалтын үеэр авлига нь зөвхөн хууль сахиулах байгууллагын асуудал бус, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, төсвийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар, иргэдийн төрд итгэх итгэлтэй шууд холбоотой засаглалын тулгамдсан асуудал болохыг онцлон тэмдэглэв.
Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, тухайлбал нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олон нийтийн анхаарал татсан томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаанд Авлигатай тэмцэх газар бусад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлээр бодит үр дүн гаргаж буй талаар мэдээлэл өгсөн юм.
Авлигатай тэмцэх газар нь мөрдөн шалгах чиг үүргээс гадна авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, байгууллагын засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр бодлогын болон институтийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг танилцууллаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн албаны шударга байдал, цахим засаглал, иргэний оролцоо, хувийн хэвшлийн комплаенсын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг асуудал нь цаашдын шинэчлэлийн тэргүүлэх чиглэл хэвээр байгааг талууд онцлон тэмдэглэж, харилцан санал солилцов.
-
Урлаг спорт2023/09/19
"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хү...
-
Шударга мэдээ2024/02/16
Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой...
-
Улстөр нийгэм2021/08/17
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих ээлжит сургалт б...
-
Улстөр нийгэм2023/10/09
“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлц...

