Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд бараалхав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, Монгол Улс Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын дотоод хэрэг хэмээн үзэж, “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж ирснээ дурдав.

 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл гэж ойлгогдож байгаа бөгөөд энэхүү уулзалт Ши Жиньпин даргын төрсөн өдрөөр тохиож буйг бэлгэшээж байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын хөгжлийн стратеги, зорилтуудыг уялдуулан хамтын хөгжлийг хурдасгах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хөгжлийг дэмжих, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийг хамарсан томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

 

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хил гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ган үйлдвэрлэлийн цогцолбор, зэсийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшлуулах зорилт тавьж буйг мэдээлэв.

 

Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин нийлүүлэх, Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хятадын талд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш тул бие биедээ тусалж, гэгээн ирээдүйн төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улстай харилцах бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлох нь хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаанд урагшлах хүч нэмнэ хэмээн онцлов.

 

Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчилдаг бөгөөд “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр бөгөөд цаашид худалдааг өнөөгийнхөөс улам илүү нэмэгдүүлэхийн тулд Чөлөөт бүс байгуулан, шаардлага хангасан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг дурдаж, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд илүү том зорилт дэвшүүлж хамтран ажиллахын төлөө байгааг Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох