Шударга мэдээ
Нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлнэ
2025 онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлана.
Ирэх жилийн галлагааны улирал гэхэд эдгээр айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ.
Хийн түлшний стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, тэсэрч дэлбэрэх эрсдэл, дотоодын нөөц боломж зэргийг судалж байна. Ийнхүү тодорхой хугацааны дараа хатуу түлшнээс шингэн түлш үйлдвэрлэдэг байдал руу шилжинэ. Энэ ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулна.
Хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өсөж байхад үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаад ямар асуудал гарсан бэ гэдэгт технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постуудад хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна.
Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.
Шударга мэдээ
Замын хөдөлгөөний хяналт сайжирч, гүйцэтгэл 95 хувьтай үнэлэгдэв
Төрийн аудитын байгууллагаас “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын 2025 оны санхүүгийн тайланд аудит хийж, дүнг танилцууллаа.
Тус төв нь 2025 онд үндсэн таван зорилтын хүрээнд 54 ажил, арга хэмжээ төлөвлөн ажилласан. Нийт ажил, арга хэмжээний жилийн дундаж гүйцэтгэлийг 95 хувьтай хэмээн дүгнэжээ. Тодруулбал, 2025 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд гүйцэтгэж, нийслэлийн 176 уулзвар, гарцад нийт 2606 хяналтын камерыг шинээр суурилуулсан. Уулзвар, гарцыг камержуулснаар зөрчил илрүүлэх, уулзварын нэвтрэх чадварыг хянах, орчны аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэргээр үр дүнгүүд гарсан байна.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ нь 2025 онд 55 тэрбум төгрөгийн торгуулийн орлого төвлөрүүлэхээс 46.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 84 хувиар биелүүлжээ. Мөн төлбөртэй зогсоолын орлого 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 154.5 хувиар давуулан биелүүлжээ.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын таван ажлын гүйцэтгэл 100 хувьтай байна.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, түүнийг хэрэгжүүлэх зургаан ажлын гүйцэтгэл 80 хувьтай,
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 24 ажлын гүйцэтгэл 98.8 хувь,
Дүрмээр хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 16 ажлын гүйцэтгэл 100 хувь,
Бүтээн байгуулалтын жилийн зорилтын гурван ажлын гүйцэтгэл 96.6 хувьтай гэж Төрийн аудитын байгууллагаас дүгнэжээ.
Шударга мэдээ
“Хөрсний ус үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурах судалгаа гарчээ
Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт эрчимжиж, гэр хороолол төлөвлөлтгүй газар тэлсэн нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан, замын борооны ус зайлуулах сүлжээ, ус хүлээн авах шүүрт зэргийн хүчин чадлыг давуулан ачаалж, одоогийн байгууламжууд хуучирч муудах, хүрэлцээгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотод 1966, 1988, 1994, 2003, 2009, 2023 онд тохиосон хүчтэй үерүүд давтагдах магадлал ихэссэн нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үерийн давтамж, эрчим эрс нэмэгдэж, бодит хохирол өндөр түвшинд хүрч байна. Тухайлбал, 2023 оны үер нь сүүлийн 50 жилд тохиосон хамгийн хүчтэй үерүүдийн нэг хэмээн үнэлэгдсэн. Эдгээр эрсдэлээс сэргийлэх, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн аюулгүй байдлыг хангахад үерийн хамгаалалтын байгууламжийг шинээр бий болгох нэн тэргүүний шаардлагатай байгааг инженер, мэргэжилтнүүд тодотгодог. Тиймээс Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс бүрэн хамгаалахын тулд хотын төвийн дүүргүүдийн 25 байршилд, хаяа дагуул хотын 11 байршилд, зуслангийн бүсийн 6 байршилд 366.2 км урт үерийн хамгаалалтын суваг, 23 км урт үерийн хамгаалалтын даланг шинээр барихаар төлөвлөөд байна.
Эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 92.696 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэгтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК 2025 оны 8 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна. Энэхүү төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл хэрэгжсэнээр манай улсын нийгэм, эдийн засгийн хувьд 128 мянга хүртэлх хүн амд нөлөөлөх үерийн эрсдэл буурна, айл өрхийн эд хөрөнгийн хохирол, нүүлгэн шилжүүлэлт, амь насны эрсдэл буурч, жил бүр давтагдах их хэмжээний эдийн засгийн хохиролоос урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагааны тасалдал, даатгал, нөхөн төлбөрийн дарамт буурах юм. Мөн байгаль орчинд гарах үр нөлөөний хувьд, үерийн улмаас үүсэх хөрс, усны бохирдол буурна, бохир усны халилт, үнэр, хөрсний бохирдол багасаж, хотын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл сайжирна.
Шударга мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна.
Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барих юм. Үүнээс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1723 инженер, ажилтан 129 техник, машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай үргэлжилж байна. Төсөл дөрвөн багцад хуваагдан хэрэгжиж байгаа юм.

Нэгдүгээр багцын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэлийн бэлтгэл ажил 98 гаруй хувьтай, барилга угсралт 7 орчим хувьтай байгаа бөгөөд 1–3 давхрын угсралтын ажлыг хийж байна. Хоёрдугаар багцын бэлтгэл хангагдаж дуусаж, барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. Тус багцад 12 давхар 117 айлын дөрвөн блок, есөн давхар, 71 айлын 22 блок орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барина.
Гуравдугаар багцын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, суурийн ухалт 80 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд суурь, зоорь болон 1–3 давхрын угсралтыг хийж байна. Дөрөвдүгээр багцын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай, барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байна.

“Сэлбэ 20 минутын хот” төслийн үр дүнд явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Нийт 15 мянган нүхэн жорлонг устгаж, 12 мянган яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчныг бүрдүүлэх юм.



-
Улстөр нийгэм2022/04/27
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Урлаг спорт2019/09/20
“Халх голын дайчдын алдар” музейд 80 жилийн ойн арга хэмжээ болов
-
Үзэл бодол2021/08/19
Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотын сонин сайхнаас-2
-
Цаг үе2024/04/08
Дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Шангрил...
