Цаг үе
Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан гэрэл зураг, архивын үзэсгэлэн 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үзэсгэлэнг нээж нийт зочдод Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн түүхэн хөгжил, туулсан замыг эргэн санах, ирээдүй хойчдоо таниулахаар үндэсний ой санамж болох архивын баримтуудыг ийнхүү дэлгэж байгааг тэмдэглэлээ.
Тэрбээр “Монголчууд өнө эртний баялаг түүх соёл, төрт ёсны уламжлалтай ард түмэн. Түүхийн хугацаанд төр улсаа төвхнүүлж, бүс нутаг болон дэлхий дахинаа алдар суугаа мандуулахын сацуу түүхийн зурвас үед гээсэн тусгаар тогтнолоо эргэн сэргээн мандуулж, төр улсаа хадгалж ирсэн. Эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгч өвөг дээдэсийн маань халуун сэтгэл, мятаршгүй тэмцэл, гавьяагаар улсынхаа тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж, тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж, Богд Хаанаа өргөмжилсөн. Улмаар энэ тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгал ялалтаар бэхжүүлэн, төрийн үйл хэргийг ард түмэн өөрсдөө эрхлэн мэдэх ардын засаглал, Бүгд Найрамдах Улсыг 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан.
Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж улс орныхоо тусгаар тогтносон бүрэн эрх, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө, нутгийн захиргаа зэрэг нийгмийн суурь харилцаануудыг анхдугаар Үндсэн хуулиар зохицуулж, баталгаажуулсан нь тухайн цаг үедээ үнэхээр шинэ содон зүйл байв” хэмээлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас 2024 оны эхээр байгуулсан болохыг дурдан “Ажлын хэсэг энэ хугацаанд эрдэм шинжилгээний хурал, Үндсэн хуулийн ач холбогдлыг сурагчдад таниулах ажлууд, мөн өнөөдрийн үзэсгэлэн, хүндэтгэлийн чуулган зэрэг олон арга хэмжээ төлөвлөсөн. Улс орон бүр Үндсэн хуулиараа, төрт ёсны түүх, соёлоороо бахархдаг. Монгол Улс өнө эртнээс улбаатай төрт ёсны түүх, соёлтой” хэмээн тэмдэглээд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхээ бататган, тэмдэглэхийн учир утгыг нээлтээ хийж буй энэхүү “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт үзэсгэлэн илэрхийлнэ гэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан үг хэлэв. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд тус яам хамтран ажиллахын зэрэгцээ 11 дүгээр сарыг энэ сэдвээрх соёлын бүтээлч сар болгон зарласан болохыг дурдаж байв.
Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн ач холбогдол, түүх соёлын талаарх “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэг хэлэхдээ “1924 онд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж, батлахдаа юу туулж, юу мэдэрч, ямар ирээдүйг мөрөөдсөн гэдгийг 100 жилийн дараа бид хараад зогсож байна. Тэгвэл өнөөдөр сахин тунхаглаж буй Үндсэн хуулиараа бид ирээдүйд, дараагийн 100 жилд ямар чиг баримжаатай, хэрхэн амьдрах вэ гэдгийг бодох учиртай юм. Иймээс Үндсэн хуулиа бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээст харуулахаар “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг дэлгэж байна. Ард түмэн ирээдүйн төсөөллөө Үндсэн хуульдаа шингээдэг юм байна, Үндсэн хууль бидний ирээдүйн зорилгыг тодорхойлдог юм байна гэдгийг энэ танхимд дэлгэгдсэн анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн 1922 оны түүхэн баримтаас эхлэн өнөөдрийг хүртэлх баримт, бүтээлүүдээс харах боломжтой” гэлээ.
Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын суурь зохицуулалтуудыг мөрдлөг болгосон 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудыг таниулах зорилгоор архивын бичиг баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа юм. Мөн шинэлэг, өвөрмөц уран бүтээлүүдээрээ Үндсэн хуулийн ач холбогдол, зүйл заалтуудыг хүүхэд, залууст таниулан хүргэж буй орчин цагийн залуу уран бүтээлч, гэрэл зурагчдын төлөөлөл Ё.Чанцалдуламын бүтээлүүдээс дэлгэсэн байна.
Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ дагуу Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Урлаг спорт2021/08/27
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна
-
Улстөр нийгэм2026/02/02
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
-
Улстөр нийгэм2025/06/17
ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлэ...
-
Улстөр нийгэм2021/03/04
ЗГ: “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталл...
