Шударга мэдээ
БНХАУ-ын Ухань хотод байгаа Монгол иргэдийг ойрын хугацаанд татаж авна

Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдан шийдвэр гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох сайд нар мэдээлэл хийв. Эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоосон байна.
Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг даваа гарагаас хязгаарлахаар боллоо. Үүнд төмөр зам болон агаарын тээврийн салбар хамаарахгүй юм. БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 иргэнээ ойрын хугацаанд татаж авахаар болжээ. Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны 12.00 цагийн байдлаар коронавируст халдвараар 1965 хүн өвчилсөн байсан бол цаг гаруйн дараа 2001 болж нэмэгдэж 56 хүн нас бараад байна. Иргэд гараа тогтмол савандаж угаах, амны хаалт заавал зүүх, өвчлөл гарсан улсад зорчихгүй байх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг Эрүүл мэндийн яам зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Шударга мэдээ
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.
Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.
Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
"Нархан" хотхоны баруун талд явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилга, стандарт бус хашааны улмаас явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Уг замаар 130 дугаар сургууль, 218 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон иргэд ихээр зорчдог. Иймд нийслэлийн удирдлагууд Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт аж ахуйн нэгжүүдийн хашааг татуулж, явган зам тавихаар зөвшилцөн, явган хүн зорчих нөхцөлийг бүрдүүлж эхэллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор явган хүний замыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтуудын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын дагуу арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Зөвшилцлийн хүрээнд эхлүүлсэн уг ажилд долоон аж ахуйн нэгж өртөж буй бөгөөд газар чөлөөлөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай” гэлээ.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Газар чөлөөлөн явган хүний зам тавих ажилд нийт 300 метр орчим талбай өртөж буй. Одоогийн байдлаар 150 метр талбайг бүрэн чөлөөлсөн бол 50 метр талбайд шороон дүүргэлт хийсэн. Үлдсэн 100 метр орчим талбайд “Вега сити” хотхоны зүгээс хамгаалалтын хашааныхаа угсралтыг хийж дуусахаар шороон дүүргэлтийн ажлыг эхлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу түр хүлээлтийн байдалтай байгаа. Мөн хугацаа алдахгүй байх үүднээс газар чөлөөлөлт хийсэн талбайд Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас угсралтын ажлыг хийж байна” хэмээв.
Түүнчлэн барилга барьж буй компаниуд барилгын ажлаа дуусгасныхаа дараа тухайн замуудын гадна тохижилтын ажлыг стандартад нийцүүлэн ахин засна гэдгийг албаныхан онцолж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл