Улстөр нийгэм
ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурлаа.

Онцгой байдлын ерөнхий газарт 71 ширхэг гал унтраах машин, төхөөрөмжийг нийлүүлэх тус төсөл нь нийт 15.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 85% буюу 13.1 сая еврог тус зээлийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа болно.
Гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах анги, салбаруудад тус тус хуваарилан үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Сангийн яам
Улстөр нийгэм
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа
Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.
Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төлөвлөгөө нь:
-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх
-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх
-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Улстөр нийгэм
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.
Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.
Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.
Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.
Улстөр нийгэм
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.
Үүнд:
Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

-
Шударга мэдээ2026/06/04
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ
-
Цаг үе2020/04/23
Байгалийн өнгөт чулуу олборлосон этгээдүүдийг шалгаж байна
-
Цаг үе2025/08/29
Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
-
Улстөр нийгэм2020/07/23
Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын 42 км дээд бүтцийг угсарчээ
