Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Д.Амарбаясгалан: Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дэмжин ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар 2024 оны есдүгээр сарын 01-ний өдөр “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулжээ.

Төслийн удирдагч, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардагдаж буйг онцлоод монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан  хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн 10 загварыг төлөвлөснөөс 8-ыг нь сонгон, ашиглалтад оруулснаа тодотголоо. Ингэхдээ зөвхөн жишиг хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил төдийгүй таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж буйг тэрбээр дурдав. Түүнчлэн манай орны нөхцөлд зохицсон өвөл, зуны хүлэмжийн жишиг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оныг хүртэлх  нийт 36 жилийн цаг уурын тоон мэдээллийг нэгтгэж, дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар, жилийн турш тариалалт хийх боломжтойгоор шийджээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжин ажиллахыг чухалчилж буйгаа онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн, УИХ-аас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлаа эхлүүлснийг тодотгоод салбарын үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг хамтад нь эрчимжүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, салбар хоорондын уялдаа холбоо бүхий дотоодын үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжсэнээр хүнсний хэрэглээний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ач холбогдолтойг хэллээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хот, суурин газрын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж дээшилж, импортын хамаарал, үнийн өсөлт буурах давуу талтайг онцлов. “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн санаачлагч, дэмжигч болон гар бие оролцсон бүх хүмүүст УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлэхийн сацуу цаашид жишиг хүлэмжийн загваруудыг бүс нутгийн онцлогт тохируулан кластераар хөгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох