Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Фижи улсын Ерөнхий сайд асан Фрэнк Байнимарама нэг жил шоронд хоригдоно

Огноо:

,

Фижи улсын Ерөнхий сайдаар олон жил ажилласан 70 настай Фрэнк Байнимарама нь Номхон далайн арлуудын нэр хүндтэй улс төрчдийн нэг бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй авлигын хэрэгт саад учруулсан хэргээр нэг жилийн хорих ял авчээ.

Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг энэ тавдугаар сарын есний өдөр гавлан авч явсан байна.

Өнгөрсөн сард цагдаагийн байгууллагаас тус улсын их сургуулийн луйврын хэргийг шалгаж байх явцад Байнимарама шударга ёсыг гажуудуулсан гэж буруутгагдсан.

Прокурорууд түүнийг Фижи улсын Цагдаагийн комиссар байсан найздаа “2020 онд Өмнөд номхон далайн их сургуулийн ажилтнуудын цалин урамшуулал, нэмэгдэл, албан тушаалын өөрчлөлт зэрэгтэй холбоотой асуудлыг шалгаж буй мөрдөн шалгах ажиллагааг зогсоох” тухай хэлсэн гэж мэдэгджээ.

Байнимарама өөрийгөө энэ хэрэгт буруугүй хэмээн мэдэгдсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Шүүхээс түүнийг болон Цагдаагийн дарга Ситивени Килихогийг Их сургуулийн мөрдөн байцаалтын ажиллагааг таслан зогсоохын тулд эрх мэдлээ ашигласан болохыг тогтоосон байна.

Өнгөрсөн сард анхан шатны шүүхийн шүүгч түүний ялыг бүртгэхгүй байх шийдвэр гаргаж тэрээр хорих ялаас чөлөөлөгдсөн юм. Гэвч энэ шийдвэрийг Фижигийн ерөнхий прокурорууд эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргасан.

Тавдугаар сарын есөнд тус улсын дээд шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Байнимарама болон Килихо нарт хоёуланд нь хорих ял оноожээ. Килихог албан үүргээс нь түдгэлзүүлж, 2 жилээр яллав.

Шүүхийн гадаа Байнимарамагийн дэмжигчид цугларч түүний төлөө залбирч байхад эрх баригч улстөрчид шүүхийн шийдвэрийг сонсож баяртайгаар хүлээн авч байв.

Энэ хэрэг нь "Хууль зөрчсөн хүн шүүхийн өмнө хэн байх нь хамаагүй, бүгд хариуцлага хүлээдэг гэдгийг харууллаа" гэж Эв нэгдлийн Фижи намын дарга Савенака Нарубе хэлэв.

Харин Байнимарамагын улс төрийн нам болох ФижиФирст нь түүний талд зогсож байгаагаа ийнхүү илрэхийлжээ : "Байнимарама ФижиФирст намын удирдагч хэвээр байх болно, 2026 он гэхэд бид энэ асуудлыг шийдэх болно" гэж намын ахлах ахлагч Айяз Сайед-Хайюм хэлэв.

Байнимарама нь Цэргийн командлагч байсан ба анх 2006 онд төрийн эргэлт хийж Фижи улсад анх удаа засгийн эрхийг булаан авч байсан. Тэрээр 2014, 2018 оны сонгуульд ялснаар албан тушаалаа хадгалж үлдэж байжээ.

https://www.bbc.com

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав

Огноо:

,

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2024 оны долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзав.
 
Гурван улсын төрийн тэргүүн нарын нэгдсэн ойлголцолд хүрсэн ажлуудыг үргэлжлүүлэн идэвхтэй урагшлуулахаа Гадаад хэргийн сайд нар дахин нотолж, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэж, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
 
Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсанд Орос, Хятадын Гадаад хэргийн сайд нар баяр хүргэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх чиглэлд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
Олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагаас туршлага судаллаа

Огноо:

,

“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал 2024 оны долоодугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилтэт технологийн судалгаа инновац, тэдгээрийн хэрэглээг судлах, үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар дундын болон олон улс, орон нутгийн түншлэл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготой.

Долоодугаар сарын 7-ны өдөр судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалтын сантай холбоотой гадаадын болон дотоодын тэргүүлэгч мэргэжилтнүүдээс бүрдсэн тусгай өдрийг гаргаж өгснөөрөө онцлогтой.

Долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд олон улсын болон дотоодын нэрт эрдэмтэд, залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлэх, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцах, харилцан туршлага солилцох, өөрийн судалгааны ажлыг хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү хуралд БШУ-ны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцоно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны долоодугаар сарын 4-ний өдөр Астана хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.

Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.

Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох