Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.

2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг зөрчих тохиолдол цөөнгүй байна.

Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин, орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал болж байна

Огноо:

,

Дэлхийн банк, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтран зохион байгуулж буй Олон улсын шилжилт хөдөлгөөний бага хурал 2024 оны зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо болж байна.

Тус хурал нь цагаач ажилчдын эрхийг хамгаалах, нийгмийн хамгааллыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний талаар Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын баримталж буй бодлого, тулгарч буй асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай туршлага солилцох зорилготой бөгөөд сургалт, хэлэлцүүлгийн хэлбэрээр үргэлжилж байна.

Энэхүү хуралд ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал холбогдох төлөөллийн хамт Монгол Улсын баримталж буй бодлого, нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгч оролцож байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна

Огноо:

,

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байна.

Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд, Сүхбаатарын Дарьгангад 28-32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Харин  агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Үүнд:

  • “ЭРҮҮЛ МЭНД, АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.

  • “МОНГОЛ УЛСААС БНАЛАУ РУУ ҮХЭР, АДУУ, ХОНЬ, ЯМААНЫ МАХ ЭКСПОРТЛОХ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БНАЛАУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМ ХООРОНДЫН ПРОТОКОЛ”

Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.

  • “ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ, БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох