Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Улаанбаатарын мөнгөн шөнө /фото/

Огноо:

,

Нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо баярлан угтдаг уламжлалтай билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Тус цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон бусад нийслэлийн удирдлагууд, уран бүтээлчид, иргэд, олон нийт оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан он солигдох мөчид нийслэлчүүддээ хандаж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт нийслэлчүүдээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар бид улсынхаа нийслэлийн төв талбайд хуран цуглаад байна. Улиран одож байгаа 2019 он нийслэлийн иргэд та бидний хувьд ажил, амьдрал урагшилсан, амжилт бүтээлээр дүүрэн, бүтээн байгуулалт ундарсан, Улсын нийслэлийн түүхт 380 жилийн ой тохиосон өрнүүн сайхан жил байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч чадлаа. Олон жил хүлээгдсэн Налайх-Чойрын 20.9 км замыг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Мөн Улаанбаатар хотын бусад хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлуудыг хангасан ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа гэж дүгнэж байна. Айлчлан ирж байгаа 2020 оноо та бүхэнтэйгээ угтаж байгаадаа нийслэлийн удирдлагууд бид баяртай байна. Ирж байгаа ондоо та бид хамтын хүчээр олон ажлуудыг амжуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо эрүүл энх, энх тунх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг төв талбайдаа өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж, тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэв.

Дараа нь мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөн тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилууллаа. Түүнчлэн арга хэмжээ нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 3D интро лазер шоу үзүүлбэрээр үргэлжилж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд, зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, дуу хуураар дүүрэн шинэ оноо баярлан угтсан юм.

Мөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон “Яг түүн шиг” шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ жилийн баярын цэнгүүнийг үзэж, сонирхон төв талбайдаа 2020 оноо угтахаар иргэд, олон нийт урд өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү олноор цугласан байсан нь өнөөдрийн цэнгүүний нэг гол онцлог байв.

Цэнгүүний аюулгүй ажиллагааг хангаж нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар зэрэг олон байгууллага ажиллаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Он солигдох мөчид төв талбайд ёслолын буудлага буудаж, Нийслэлчүүд шинэ оныг угтан авлаа.















Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Цэргийн уулчдын "Олимп" эхэллээ

Огноо:

,

 Олон улсын Цэргийн спортын зөвлөлөөс зохион байгуулж буй  Европ тивийн ноён оргил Эльбрус уулын олон улсын цэргийн авиралтын нээлтийн ажиллагааг 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч  сайд, ОХУ-ын баатар, хурандаа генерал Юнус-Бек Баматгиреевич Евкуров үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Энэхүү чухал арга хэмжээнд 14 орны цэргийн алба хаагчид, тамирчид оролцож байгаа нь найрсаг уур амьсгалыг харуулж байна гэдэгт итгэлтэй байна" гэж онцолж байв. 

Мөн уг арга хэмжээнд Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Казбек Коков, Кабардин-Балкарын Бүгд Найрамдах Улсын Спортын сайд Ислам Хасанов, ОХУ-ын Батлан хамгаалахын Биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа Андрей Зыков, Олон улсын Цэргийн спортын авиралтын зөвлөлийн техникийн комиссын ерөнхийлөгч, ЦСКА-ийн дарга, хурандаа Артем Громов нар оролцлоо.

Энэхүү уулын авиралтанд Монгол,  ОХУ,  Оман, Киргиз, Иордан, Эквадор, Афганистан, Намбия, Ирак, Иран, Армени, Зимбабве, Энэтхэг, Бразил зэрэг 14 улсын 45 цэргийн алба хаагч оролцож байна.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн наадмын нээлтийн өмнө буюу энэ 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд уг уулын оргилын авиралт зохион байгуулагдаж явагдах юм. Тус арга хэмжээ нь 2022, 2023 онд Иран улсад зохион байгуулагдсан бол энэ удаад ОХУ-д зохион байгуулагдаж байна.

Цаашид уламжлал болгон бүх тив, улс орнуудад зохион байгуулах арга хэмжээний ач холбогдол нь олон улсын уулын цэргийн алба хаагчид туршлага солилцож, чадавхиа нэмэгдүүлэн, найрсаг харилцааг тогтооход оршиж байна.

Тус авиралтад Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Тусгай хүчний цэргийн командлалаас хурандаа Д.Жавхланбаяр, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангиас ахмад Б.Чинзориг, ахлагч О.Ган-Эрдэнэ нар оролцож байна. Багийн ахлагч хурандаа Д.Жавхланбаяр нь Африк тивийн ноён оргил Килиманжаро, Баруун Европын ноён оргил Монт Бланк ууланд авирч байсан туршлагатай цэргийн алба хаагч юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно

Огноо:

,

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэдэг.

"Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон энэ жил буюу 15 дахь удаагаа зохион байгулах гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална

Огноо:

,

Хүн төрөлхтний их цэнгэл наадам Зуны олимпын XXXIII наадам “хөшиг”- өө нээхэд 4 хоног үлдлээ. Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оноос өвөл, зуны олимпын наадамд алтан соёмбот далбаагаа мандуулсан цагаас хойш 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн олимпын наадамд ч өндөр амжилт үзүүлнэ гэж Монголчууд итгэл тээсээр, баг тамирчид бэлтгэлээ чамбайруулсаар. Олимпын наадамд эрхээ хүртэж өрсөлдөнө гэдэг тамирчин хүн бүрийн мөрөөдөл, зорилго.

Тэр дундаа улсынхаа далбааг нээлтийн үйл ажиллагаанд залж тугчаар орно гэдэг тамирчин бүрд олдоод байхгүй их хувь тохиол. “Парис-2024”- зуны олимпын наадамд Монгол Улсын тугчаар өдгөө 6 дахь олимпын наадамдаа өрсөлдөх гэж буй шилдэг марафонч, Монгол Улсын гавьяат тамирчин П.Сэр-Од, анхны олимпын наадамдаа өрсөлдөх “тийз”-ээ захиалсан боксын спортын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн нар томилогдсон.

Тэр дундаа П.Сэр-Одын хувьд өмнө 2012 оны Лондоны олимпын наадамд Монгол Улсын тугчаар сонгогдож байсан. Монголын олимпын түүхэнд хоёр удаа тугчаар сонгогдсон анхны мөн дэлхийд ч ховор тохиолын нэг юм. Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Тухайн үеийн олимпын наадмын Монгол Улсын тугчаар Хөнгөн атлетикийн дасгалжуулагч Ё.Найдан сонгогдож байв. Ингэснээр Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн төлөөлөл 3 олимпын наадамд хариуцлагатай үүрэг хүлээсэн түүх үлдэж байна.

Харин боксын спортын төрлөөс анх удаа тугчаар сонгогдсон тохиолдол нь ОУХМ О.Есүгэн юм. Монголын спортод өнөөдрийг хүртэл олимпын наадмын тугчаар хамгийн олон удаа сонгогдсон спортын төрөл нь чөлөөт бөх. 1968 онд Монгол Улсын анхны медалийг хүртэж байсан баг тамирчдаас зуны олимпын наадамд 6 удаа тугчаар сонгогдож байжээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох