Урлаг спорт
Дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардууллаа
Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
Монгол Улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр болов.
Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн нарын хүндтэй эрхмүүд оролцлоо.
БТСУХ-ны дарга О.Баттулга “Ломбардиа-2024” наадмын Монголын багийн ахлагч Ц.Оюунцэцэгт Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан нь эл арга хэмжээний хамгийн оргил мөч байлаа.
ОНБТСҮХ-ны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин “Шинэ оны анхны олон улсын уралдаан тэмцээнд оролцож буй Та бүхэнд спортын амжилт хүсье. Хүүхэд, залуустаа тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалж, биечлэн үлгэрлэж байгаа”-г чухалчлав.
Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртсэн ба дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв.
Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Л.Алтанцэцэг хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин. Тэр 2015 онд болсон тус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ.
Харин Монголын багийн хамгийн ахмад нь болох Б.Жалбаа (83 настай) 2020 онд болсон тус наадмын 500, 1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Мастеруудын наадмаас медаль хүртсэн бусад тамирчдыг дурдвал, Н.Эрдэнэтуяа, Д.Энхээ, Р.Сарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлж, цана, тэшүүрийн төрөлд Ц.Оюунцэцэг, З.Ганбат, Ц.Золбаяр, П.Биндэрьяа, Д.Энхээ, Д.Очирсүх, Ж.Бат-Очир, Ц.Баярсайхан, М.Пүрэвмаа, Б.Төмөрбаатар, Б.Жалбаа, Л.Алтанцэцэг, Р.Сарантуяа, О.Энхболд, М.Мөнхцэцэг, Д.Мөнхбаатар, М.Алтанхуяг, Л.Бямбацэрэн, Д.Сувдаа, С.Амар, Б.Уранчимэг, Л.Буянбаасан нарын бүрэлдэхүүнтэйгээр хурд хүчээ сорих гэж байна.


Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Улстөр нийгэм2020/04/15
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
-
Улстөр нийгэм2026/08/14
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн а...
-
Улстөр нийгэм2020/02/20
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Үзэл бодол2023/04/04
Уул уурхайг аж үйлдвэржилттэй хослуулахыг Ерөнхий сайд уриаллаа
