Улстөр нийгэм
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүү орчин - Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ бичиж, видео бичлэг хийж ирүүлснээс 150 сурагчийг зохион байгуулагчид сонгон шалгаруулжээ.
Нээлтийн үйл ажиллагааны өмнө 2021, 2022 оны хөтөлбөрийн онцлох амжилтуудын талаар болон 2023 оны хөтөлбөрийн талаар товч мэдээллийг зохион байгуулагчид оролцогч сурагчдад өглөө. Мөн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрт шалгаран оролцож буй сурагчдыг төлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Энхрийлэн нарын сэтгэгдлийг сонсов. Тэд хөтөлбөрт хамрагдсанаараа нийгэмд, үе тэнгийнхэндээ гэрэл гэгээг түгээдэг нөлөөлөгч болох зорилго тээж ирснээ хэлсэн.
Үргэлжлүүлэн “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хөтөлбөр анх эхлэхдээ буюу 2021 онд 90 хүүхэд, 2022 онд 91 хүүхэд сонгон шалгаруулж байсан бол энэ удаад 150 хүүхдийг хамруулж, цар хүрээ нь илүү өргөжиж буйг тэмдэглэсэн. Мөн “Хөтөлбөрөөр дамжуулж сурагчдын оролцоог хангаснаараа ирээдүйн Монгол Улсын хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна, та бүхэн Монгол Улсын 1.2 сая хүүхдийн элч, төлөөлөгч, Монгол Улсын төр засагтай Монголын хүүхдүүдийг холбогч гүүр нь болно. Танай аймагт ямар асуудал байна, та нарын үеийнхэн юу хүсч байна, төр засаг юуг дутуу хийж байна гэдэг асуудалд дуу хоолой болж оролцоорой” хэмээн захилаа.
Дараа нь Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, зайлшгүй анхаарах ёстой асуудал болж буй агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хүүхдүүд та бүхэн Монголын бүх хүүхдүүдийн дуу хоолой болно. “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг өөрийгөө илэрхийлэх том тавцан болгож ашиглаарай. Асуудлыг хараад шүүмжлээд өнгөрөх бус ямар шийдэл байдгийг өөрсдийн зүгээс харуулах боломж юм шүү, хөтөлбөрийг өгөөжтэй болгоход бие биенээсээ суралцаарай гэж тэмдэглэв. Мөн Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.
“Өсвөрийн парламент - 2023” хөтөлбөрийн анхны хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Урнаа заалаа. Тэрбээр орчны эрүүл мэндийн талаар оролцогч хүүхдүүдэд ойлголт, мэдлэг мэдээлэл өгсөн.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр хичээл зааж, Үндсэн хуулиа сайтар судлахыг захисан. Тэрбээр, мөн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудыг танилцуулж, зорилтыг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхгүй, иргэд, өсвөр үеийнхний оролцоо ч шаардлагатай. Тиймээс “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг санаачилсан гэж танилцуулав.
Гурав дахь хичээлийг “Цойлогсод” залуусын нэгдлээс “Өсвөр үеийнхний оролцоог дэмжих нь яагаад чухал вэ” гэсэн сэдвийн хүрээнд зааж, төгсгөлд нь “Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрийн оролцогч Г.Бөртэ эрчим хүчний хэрэглээ-хэмнэлт сэдвийн хүрээнд байгаль ээлтэй амьдралын хэв маяг болон парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл олж авах зэргээр шинээр юу сурсан талаар сэтгэгдлээ хуваалцсан.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа оролцогч бүх сурагчид Монгол дахь НҮБ-ын байранд зочилж, өдрийн хоол идэхийн зэрэгцээ орчны эрүүл мэндийн талаар чөлөөт ярилцлага өрнүүллээ.
“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Улстөр нийгэм
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
-
Үзэл бодол2019/11/11
С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал
-
Цаг үе2025/09/12
Тэгш дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
-
Шударга мэдээ2022/08/16
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байн...
-
Шударга мэдээ2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижууллаа
