Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Дэмбэрэл: Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалах нь чухал

Огноо:

,

Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй макро эдийн засгийн байдал, анхаарах асуудлуудын талаар ярилцлаа.

-Макро эдийн засгийн өнөөгийн байдлыг товчоор дүгнэнэ үү?

Бид эдийн засгийг гадаад сектор, санхүүгийн сектор, төсвийн сектор, бодит сектор зэрэг гол бүлгүүдэд хуваан шинжилдэг. Гадаад эдийн засгийн орчныг авч үзэхэд хэдийгээр өнгөрсөн оны эхнээс худалдааны маргаан ширүүссэн ч нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ, хөрөнгө оруулалтын орох урсгал боломжийн түвшинд байна. 2019 онд экспорт түүхэн дээд түвшинд, ГШХО 2018 онтой ойролцоо байх төлөвтэй. Санхүүгийн секторт зээлийн хүү 2011 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч буурч, банкны зээлийн өсөлтийн 3/4-ийг бизнесийн зориулалттай зээл бүрдүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Өнгөрсөн онд 40-50% давж хэт хурдтай өсч, эрсдэл үүсгэж болзошгүй байсан хэрэглээний зээлийн өсөлт макро зохистой бодлогын үр дүнд тогтвортой түвшинд орж буурлаа. Төсвийн секторт орлогын гүйцэтгэл өндөр хэвээр байна. Татварын орлого өнгөрсөн онд 30% орчим өссөн бол 2019 онд нэмээд 20% орчим өсөлттэй яваа нь эдийн засгийн идэвхжлийг илэрхийлж байна. Зардал талд цалингийн өсөлт, хөрөнгө оруулалтын өсөлт эдийн засгийг дэмжих нөлөөтэй. Төсвийн тэлэлтийн инфляцид үзүүлэх нөлөөг нь Монголбанк анхааралтай харж байна. Тэгэхээр, эндээс дүгнэхэд валютын орох урсгалууд, банкны салбарын зээлийн нийлүүлэлт, төсвийн зардал зэрэг нь бодит сектор дахь идэвхжлийг санхүүжүүлж байгаа нь харагдана. Мөн эдийн засагт оролцогчдын итгэл харьцангуй өндөр байгаа нь хэрэглээ, хөрөнгө оруулалтуудыг дэмжиж, ДНБ өсөлтийг тэтгэж байна.

-Одоотой харьцуулахад 2014-2016 оны хүндрэлийн үеийн эдийн засаг ямар байв?

2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байсан. өрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21%-аас 29% болж өссөн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байв. Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажуудсан байв. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй ЗГҮЦ арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байлаа. Банкууд өндөр хүүтэй ЗГҮЦ-т их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшиж байсан гэсэн үг. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлж байсан. Ингээд уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны 2 дугаар хагаст тохиож, Монгол улс 1) үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал, 2) банкны хямрал, 3) төсвийн хямрал улмаар гадаад өрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр ирсэн.

-ДНБ-ийн бодит өсөлт 7 хувь орчим байгаа нь сүүлийн 5 жилийн дээд үзүүлэлт. Эдийн засаг сэргэхэд мөнгөний бодлого хэрхэн хувь нэмэр оруулсан бэ?

Хүндрэлийг даван туулах санхүүгийн нөөц Монгол улсад үлдээгүй байсан тул олон улсын санхүүгийн байгууллагууд, донор орнуудтай хамтарч ажиллахаас өөр гарц, арга зам байгаагүй. өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, макро тохиргоонууд, банкны салбарт хийгдсэн реформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа төсөв, мөнгөний бодлого дээр шаардлагатай тохиргоог хийсэн нь амаргүй байсан хэдий ч урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болсон. Түүнчлэн, 2017 оноос гадаад орчинд түүхий эдийн эрэлт нэмэгдсэн нь сайн дэмжлэг болсон. Эдийн засаг тогтворжсоноор банкны салбар 2018 онд 22.1 их наяд төгрөг, 2019 оны эхний 9 сард 15 их наяд төгрөгийн санхүүжилтийг эдийн засагт нийлүүлсэн байна. Зээлийн жигнэсэн дундаж хүү 16.9% байгаа нь 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт боллоо. Түүнчлэн 2018 оны 2-р улирлаас хойш 6 улирал дараалан бизнесийн зээл 2 оронтой тоогоор өсч байгаа нь ажлын байр бий болох хөрөнгө оруулалтууд хийгдэхэд чухал түлхэц юм. Харин Төв банк өөрөө мөнгө нийлүүлэх бус, бодлогын сахилга батыг хадгалж, валютын нөөцөө нэмэгдүүлж, мөнгөний болон макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн ерөнхий орчныг тогтвортой хадгалж байна. Гадаад зах зээл дээр тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед цаашид хүлээгдэж буй сорилтууд, эдийн засагт үүсч болзошгүй чичиргээг даван туулахын тулд мөнгөний бодлого одоо эдийн засгийг нэмж хурдлуулах бус, тэнцвэрийг нь хадгалах, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Эдийн засагт бий болсон сэргэлтийг цааш хадгалахад энэ маш чухал юм.

-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьдралд хүртэхгүй байна гэж их ярьдаг. Хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд мөнгөний бодлого яах хэрэгтэй вэ?

өсөлтийн хүртээмж өнөөдөр дэлхий даяар тулгамдсан том асуудал болж байна. Гэхдээ энэ нь дан ганц мөнгөний бодлогоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг онцлох нь зүйтэй. Үр өгөөж нь илүү олон хүнд мэдрэгдэхийн тулд нэн тэргүүнд өсөлт аль болох тогтвортой, урт хугацаанд үргэлжлэх шаардлагатай. Харин эдийн засаг тогтворгүй, савлагаа ихтэй, эсвэл өсөлт бий болохгүй жилүүд олон байвал хүртээмжийн тухай ярих нь өөрөө утгагүй болно. Иймд макро тогтвортой байдлыг хадгалах сахилга баттай бодлого маш чухал. Үүнд мөнгөний бодлогын гол хувь нэмэр нь инфляцийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой байдлын үндсийг бүрдүүлэхэд оршино.

-Эдийн засгийн тулгамдсан асуудал, эмзэг байдал нь юу вэ?

Хэдийгээр эдийн засаг 2-3 жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч суурь эмзэг байдлууд оршсоор байна. Нэгт, өрийн асуудал. Хувийн болон улсын секторын нийлсэн гадаад өр $29 тэрбум, үүнээс $14 тэрбум орчмыг ирэх 4 жилд төлөх хуваарьтай. Дээр нь өрхийн өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь санхүүгийн секторт ч, бодит эдийн засагт ч нэг эмзэг байдал болж байна. Хоёрт, төлбөрийн тэнцлийн эмзэг байдал. Валютын гол орох урсгал экспорт маань гадаад орчны байдал, түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай; цөөн улс, цөөн салбар, цөөн бараа бүтээгдэхүүний нөлөө өндөр хэвээр байгаа нь эмзэг байдлыг үүсгэж байна. Мөн дотоодын хуримтлал хангалтгүй тул хөрөнгө оруулалтыг гаднаас татаж хийхээс өөр сонголт хязгаарлагдмал, харин ГШХО цөөн салбар, цөөн төслөөс өндөр хамааралтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох