Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10000 оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө

Огноо:

,

Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.2 сая иргэн хамрагдаад байна.

Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн олонх нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар "Шүд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна.  

Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчиддаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан. Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ" гэв. 

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр "2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар өөрсдийнхөө хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний эхлэл бол АШУҮИС дээр “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн. Манай сургуулийн оюутнуудын шүдний өвчлөл өндөр байна. Тийм учраас найман бүрэлдэхүүн сургуулийн 10,000 оюутан, дөрвөн эмнэлгийн эмч, багш, ажилчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС Дент эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг дээрээ хийж, эмчлэн амны эрүүл ахуйг зөв сахих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв, зохистой хэрэглэх талаар сургалтыг явуулж, шүдэнд фторт түрхлэг түрхэх ажлыг мөн хийх юм.

Дэлхий нийтээрээ 3X3 буюу гурван удаа гурван минутаар угаах ёстой байдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан энэ уриалгыг ч мөн дэвшүүлж байна" гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.

Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.

Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө

Огноо:

,

Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва  “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.

“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:

Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,

Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,

Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,

Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,

Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,

Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Огноо:

,

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох