Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав.

  1. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нампасо Муанмани нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.

  1. “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө.

  1. “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөө аж ахуй, ойн сайд Пэт Пумпипак нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавьж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.

  1. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Камаси Фолсэна нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайн туршлага харилцан солилцох, албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг асуудлыг санамж бичгээр тохиролцов.

  1. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой.

  1. “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Байгалийн нөөц, байгаль орчны сайд Бунхам Ворачит нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлсэн.

  1. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, лаосын талыг төлөөлж Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын сайд Суансаван Вияагет нар гарын үсэг зурлаа.

Санамж бичиг нь талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх зорилготой.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буурч байгаа дээрх судалгааны дүнгээс харагдаж байна. 

Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан гэдгийг төсөл санаачлагчид танилцуулгадаа онцолжээ.

Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 77 дугаар тогтоолоор “хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягнаас өөр газарт байгаа иргэн, оюутан, суралцагчид, сонгуулийн санал авах өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтан зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжит хувилбарыг тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгох талаар санал боловсруулах”-ыг үүрэг болгосон байна.

Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Өнөөдөр сонгуульд саналаа өгөх нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа тул тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөхөд хуулийн төслийн гол ач холбогдол нь чиглэж буйг төсөл санаачлагч гишүүн Д.Бум-Очир тодотгов.

Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон  нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээж байна. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгасан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир хэлэв.

Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Уг хуулийн төслийг дагалдуулан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай уулзлаа.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөлөө.

Сайн багшаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байна.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшин, орон нутаг, улсынхаа хөгжил дэвшлийн түүчээ, манлайлагч болох эдгээр хүүхдийг сургаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь багш нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Багш нар бол ёс суртахууны ноён оргил байх учиртайг хэллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.        

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд  боловсролын салбарт бодит үр нөлөө үзүүлж байгааг сайд Л.Энх-Амгалан хэллээ.

2023 онд Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Ерөнхийлөгч ивээл дороо Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Мөн эх орондоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

“Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдэд зөв хооллох, эрүүл мэнд, зөв дадал, чадвар төлөвшүүлэхийг давхар зорьдог.

Дунд сургуулиуд “Үдийн цай”, “Үдийн хоол” хөтөлбөрт бүрэн шилжсэн бөгөөд энэ хичээлийн жилээс “Хүүхэд бүрд сүү” хөтөлбөр эрчимжсэн нь дээрх хоёр хөдөлгөөний үр дүн төдийгүй хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болжээ.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүхийн багш нарын Их хурал, улсын зөвлөгөөн болсон бол монгол хэлний багш нар зөвлөгөөнөө хийж, ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц, шийдлээ хэлэлцэнэ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр хүүхдүүд байгаль орчноо хайрлах, хамгаалахад суралцаж, багш, ажилтнууд жил бүр сурагчидтайгаа хамт мод тарьж, арчилж, ургуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрыг нүхэн жорлонгоос салгах төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний дүнд 764 цэцэрлэг, сургууль, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болоод байна.

Салбарын яам цаашид хүүхдүүдийг зөвхөн мэдлэгтэй биш, бүтээлч сэтгэлгээтэй, амьдралын аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах чадвартай, бие, сэтгэл, оюуны тамиртай иргэн болгон хөгжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах юм.

Мөн багшийн хөгжил, нэр хүнд, нийгмийн баталгааг нь цогцоор нь дэмжих зорилгоор  “Багшийн 3 тулгуурт бодлого” хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн багшийн ажлын ачааллыг бууруулах, хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэх, хүртээмжтэй цахим боловсролыг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 болон 17 дугаар сургуулийн ахмад багш Жамбын Бааст, Нийслэлийн Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн захирал Мишигдоржийн Туулсайхан нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий багш нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Зүүн бүс: Экспортод чиглэсэн МАА-н үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна

Огноо:

,

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг тусгасан. 

Тус бүс нутаг өргөн уудам тал хээр, байгалийн нөөц боломждоо тулгуурлан мал аж ахуйн салбарыг эдийн засгийн өндөр үр ашигтай, экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх өргөн боломжтой. 

Зүүн бүсийн аймгуудын байгаль, цаг уурын нөхцөл, бэлчээрийн хангамж, ургамал, газар зүйн онцлог зэрэг нь мал аж ахуй эрхлэхэд нэн таатай. Тухайн бүс нутаг нь бэлчээр, тэжээлийн нөөц хангамж сайтай тул бэлээрийн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэхэд тохиромжтой гэж үздэг. Ялангуяа махны чиглэлийн үхэр, хонийг түлхүү үржүүлэх, ноолуурын чанарыг нэмэгдүүлж, экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байна.

Монгол Улсын нийт мал сүргийн 14.4 хувь, үхэр сүргийн 15.6 хувь нь зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад байна. Зүүн бүсэд мах, сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байгаа малын хэд хэдэн үүлдэр бий. Тухайлбал, мах-сүүний чиглэлийн хосолмол ашиг шимт “Дадалын ухаа” үүлдэр, махны чиглэлийн Дорнод Монголын улаан үүлдэрийн үхэр, үзэмчин, барга үүлдрийн хонийг дурдаж болно.

  • МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН

-Экспортын орлогод эзлэх хувь 5.5 хувь

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 31.7 хувь байна.

  • Монгол улс134.1 сая.га хөдөө аж ахуйн эдэлбэр газартай.

-Мал аж ахуйн үйлдвэрлэлийн оршин тогтнох үндэс нь бэлчээр бөгөөд тэжээлийн 90 гаруй хувийг бэлчээрээс хангаж байна.

-Бэлчээрийн талбай 106.1 сая.га

-Хонин толгойд шилжүүлсэн малын тоо 111 сая толгой

-100 га хадлан, бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 105 мал ногдож байна. 

ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН МАЛЫН ТОО

- Хэнтий аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 327.2

Тэмээ 3.2

Үхэр 396.0

Хонь 1,519.6

Ямаа 1,183.1 

- Сүхбаатар аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 335.4

Тэмээ 5.8

Үхэр 216.4

Хонь 943.7

Ямаа 807.5

- Дорнод аймгийн малын тоо /мянган толгой/

Адуу 462.1

Тэмээ 5.2

Үхэр 336.5

Хонь 1,228.9

Ямаа 662.0

- Зүүн бүсийн малчин өрх, малчдын тоо

Хэнтий          13020 малчид, 9100 өрхтэй

Сүхбаатар    15684 малчид, 9000 өрхтэй

Дорнод         9022 малчид, 6500 өрхтэй байна. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох