Цаг үе
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
2023 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл