Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банк хүртээмжээр түүчээлэгч банк боллоо

Огноо:

,

Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй байх, банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, дэмжих чиглэлээр ажилласаар ирсэн. Энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой “Ability expo” арга хэмжээг хоёр дахь жилдээ хамтран зохион байгууллаа.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр харилцагчдад дохионы хэлмэрчтэйгээр явуулын банкны үйлчилгээ үзүүлж, тусгайлан бэлтгэсэн брайл үсэг бүхий брошур, тараах материал ашиглан санхүүгийн зөвлөгөө мэдээлэл хүргэдгээрээ онцлог юм. Улмаар Төрийн банкийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж байгааг үнэлэн “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ээр өргөмжиллөө.

Төрийн банк нь банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний санхүүгийн боловсролыг дэмжин шаардлагатай сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтны ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж өөрсдийн байгаль орчин нийгэм засаглалын бодлоготой уялдуулан эдгээр иргэдийг дэмжин ажиллаж байна.

Төрийн банк орон даяарх 500 гаруй салбар нэгжээ шат дараатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө, автомашины зогсоолтой болгож байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулахгүй байх үүднээс харилцах харилцааны онцлог, биеийн хэлэмж, үгийн сонголт, үйлчилгээний онцлогийн талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар Төрийн банк нийт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, тухайн ажилтанд улиралд нэг өдрийн цалинтай чөлөөг эмнэлгийн үзлэгт хамрагдахад нь зориулан олгож тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ

Огноо:

,

Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.

Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд  оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын  эрдэмтэн, профессоруудын төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.

Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.

Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.

Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм20 цаг 4 минут

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе20 цаг 9 минут

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Цаг үе20 цаг 13 минут

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд...

Улстөр нийгэм20 цаг 24 минут

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуу...

Цаг үе20 цаг 28 минут

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжү...

Шударга мэдээ20 цаг 35 минут

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Улстөр нийгэм20 цаг 40 минут

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төсл...

Улстөр нийгэм20 цаг 42 минут

УИХ-ын онцгой бүрэн эрхийг бататгах хуулийг төслийг дэмжив

Цаг үе20 цаг 46 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна

Цаг үе2026/06/04

Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүр...

Санал болгох