Улстөр нийгэм
Монголын сайтын холбоо УРИАЛГА гаргалаа

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Цахим сэтгүүл зүйн хөгжил - 10 жилд” III форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм.
Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргасан. Уриалгыг танилцуулъя.
“ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ-10 ЖИЛД” III ФОРУМЫН УРИАЛГА
1. Хүний эрхийг дээдлэх
1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах
1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах
1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх
1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах
1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах
2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах
2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх
2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх
2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах
3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих
3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх
3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх
3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах
3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих
3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах
3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах
Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна.
“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумд оролцогчид
2019.10.26
Улаанбаатар хот
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.
-
Цаг үе2021/10/18
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
-
Үзэл бодол2019/10/08
Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатыг АТГ-т шалгуулна
-
Шударга мэдээ2022/05/18
АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөгийг гаргуулна
-
Цаг үе2020/05/07
БНСУ-д зай барих дэглэмийг сулруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүл...