Цаг үе
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын "Усны нөөцийн хомсдолоос сэргийлэх нь" сэдэвт салбар хуралдаан боллоо.
Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.
Тэрбээр “Усны хомсдол бий болсны дараа хэрхэн арга хэмжээ авах вэ гэдгээс илүүтэй, хомсдолоос яаж сэргийлэх вэ гэдэг асуулт бидний бодлогын төвд байх ёстой. Өнөөдөр дэлхийн олон хотод энэ сорилт тулгарч байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн төвлөрөл усны хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, газрын доройтол, хур тунадасны гормын өөрчлөлт, хөрсний ус шингээх болон хадгалах чадавхын бууралт усны байгалийн эргэлт, нөхөн сэргээлтийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, усны эрэлт өсөж байхад байгалийн нөхөн сэргэлт, хүртээмж буурч байгаа юм.
Ус бол хотын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчин, улмаар хотын хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой суурь нөөц билээ. Улаанбаатар хотын ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Туул голын сав газрын доорх усны нөөцөд түшиглэдэг бөгөөд хүн ам, барилгажилт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлтийг дагаад усны эргэлт нэмэгдсээр байна.

Дэлхийн банкны 2026 оны үнэлгээнд Улаанбаатар хотын гүний усны нөөцөд үзүүлж буй дарамт нэмэгдэж, ашиглагдах хэмжээ нь уст давхаргын нөхөн сэлбэгдэх хурднаас хэтрээд байгааг онцолсон байна.
Ийм нөхцөлд шинэ эх үүсвэр хаана байгаад ач холбогдол өгөхөөс илүү байгаа усаа хэрхэн хамгаалах, хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүй. Тиймээс хур тунадас, үерийн усыг зөв менежментээр удирдаж, боломжит нөөц болгон ашиглах шаардлагатай. Бид энэ чиглэлийн бодит алхмуудыг эхлүүлж, Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг дахин цэвэршүүлэх “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан. Үүний үр дүнд эрчим хүчний салбарт жилд 18 сая хүртэлх шоо метр гүний усыг хэмнэх боломж бүрдсэн юм.
Улаанбаатар хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, усны эргэлтийн системийг сайжруулах зорилго, зорилтуудын биелэлтийг хангах хүрээнд голууд дээр тохируулгатай усан сан барьж, гадаргын усны эх үүсвэрээс унд ахуйн ус хангамжийг хангах, болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлэх зэрэг төсөл хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэх нөхцөл шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг аливаа хот дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс хот, бүс орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.




Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Улстөр нийгэм2020/05/08
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ажлаа хүлээлгэн өглөө
-
Цаг үе2023/10/13
Ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулахаар мэ...
-
Цаг үе2021/07/07
Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгдлээ
-
Улстөр нийгэм2020/09/03
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг...
