Улстөр нийгэм
Парламентын боловсрол - Сургагч багш" хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болно

УИХ-ын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн зорилго нь “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм. Цаашид Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт “Парламентын боловсрол” хичээлийг тусгахаар зорин ажиллаж байна.
Маргаашийн арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, мөн тус хөтөлбөрт оролцохоор хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ухааны чиглэлээр ажиллаж байгаа 100 багш оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Агентлагуудын удирдлага, зохион байгуулалтын ерөнхий бүтэц, газар, хэлтсийн тооны харьцаа, нэршил, бүтцийн нэгжид ногдож буй орон тооны мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тоо, нэршлийг тогтоож, Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Тус тогтоол батлагдсанаар агентлагуудын нийт орон тоо 300-аар, үүнээс газар, хэлтэс, албаны даргын орон тоо 54-өөр буурч, цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэх боломжтой болж байна.
Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээгЗасгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 11, 12, 13-т заасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэ заалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
- Ерөнхий сайд Г.Занданшатараас 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улстөр нийгэм
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
-
Улстөр нийгэм2021/03/29
МОАХ-ны ХЭГ-аас аймгийн АН-ын дарга нарт чиглэл өгч санал хураалтад нөлөөлж эхэл...
-
Улстөр нийгэм2021/10/05
Дүйцүүлэх албаны алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг ол...
-
Цаг үе2021/07/28
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв
-
Цаг үе2024/12/26
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгд...