Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

П.Оюунцэцэг: Тусламж үйлчилгээний ачааллыг зохицуулах шаардлага байгаа

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хандсан иргэд 13А маягттай холбоотой бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж, тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй боллоо гэсэн шүүмжлэл их гарч байгаа тул энэ асуудлаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн  газрын дарга П.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-13А маягттай холбоотой асуудлаар иргэд төдийгүй эмч нар ч янз бүрийн байр суурь илэрхийлж байна. 13А маягт авч эмнэлэгт хандах нь цоо шинэ зүйл биш биз дээ?

-Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцооны баримтыг бид 13А маягт гэж нэрлээд байгаа юм. Энэ нь шинэ юм биш. Манай улс өрхийн эрүүл мэндийн тогтолцоонд шилжсэнээс хойш буюу 2000 оноос энэ журам үйлчилж байна.

Иргэн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага өрхийн ЭМТ-өөс яаралтай тусламж үйлчилгээг авч, тэнд үзүүлэх боломжгүй бусад үйлчилгээг дараагийн шатлалын эмнэлгүүдээс авахаар зохицуулагдсан. Энэ журмын дагуу өрхөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг, гуравдахь шатлалын буюу төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү өвчтөн илгээхдээ 13А маягтыг ашигладаг.

Олон улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх бодлого буюу хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж, өвчнийг эрт илрүүлж, оношилж, эдгээе гэх болсон. Гэтэл манайд хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эмнэлэгт хэвтэхийг илүүд үздэг, ийм сонирхол давамгайлдаг. Манай эрүүл мэндийн салбарт ч өнгөрсөн зуун жилийн турш өвдсөн хойно нь тусламж үзүүлэх хандлага өндөр байсныг өөрчлөх эрүүл амьдрах, эрт илрүүлэх тал дээр анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх шаардлага гарч байгаа. Үүнд нийцүүлэх, хоёрдахь, гуравдахь шатлалын эмнэлэгт үүсээд байгаа тусламж үйлчилгээний ачааллыг анхан шат руу  хуваарилах зорилгоор 13А маягтыг шаардаж байгаа юм.  

-Энэ маягтгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байж болохгүй юу. Цахимжуулсны давуу тал гэж байна уу?

-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү 13А маягтгүй шууд хандахад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд хүлээгдэх, чирэгдэх асуудал гарч байгаа. Гуравдугаар шатлалын эмнэлэгт ирэх шаардлагагүй иргэд ихэнх цагийг нь аваад, эмч нар ч нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ гэхээсээ анхан шатанд үзээд оношлоод эмчлэх боломжтой хүмүүстэй ажиллах асуудал гарч байгаа учраас 13А маягт буюу эмнэлэгт өвчтөн шилжүүлэх тогтолцоог ашиглаж байна.

Өмнө нь энэ маягтыг цаасан хэлбэрээр авдаг байсныг цахимжуулснаар өрхийн эмнэлэг иргэндээ үзүүлэх тусламж үйлчилгээг өгч чадаж байна уу, өвчтөнөө зөв оношилж төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон хоёрдахь шатлал руу илгээж байна уу гэдэг нь цахим хяналтад орж байгаа юм.

Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэг дээр очоод 13А хэрэгтэй гэхээр өрхийн эмнэлэг рүүгээ яриад цахимаар 13А маягт явуул гэж нэхдэг. Гэтэл өрхийн ЭМТ анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх биш 13А маягтыг дамжуулах төдий байгууллага байж болохгүй биз дээ.  

-Иргэд өрхийн эмнэлэгт үзүүлж, оношлуулах боломж байгаа юу.  Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаас өөр арга алга хэмээн бухимдаж байна шүү дээ?

-Өрхийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чадавхижуулахад анхаарч байгаа. Өрхийн ЭМТ-үүдийг иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар хангадаг. Тиймээс цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ, зарим төрлийн түргэвчилсэн оношлуураар илрүүлэх боломжтой өвчлөлийг өрхийн ЭМТ-дөө хийлгэх боломжтой. Өрхөд хийх боломжгүйг нь хоёрдугаар шатлалын эмнэлэгт хийнэ. Харин компьютер томограф, MRI, биохими, эрдсийн ч гэдэг юм уу илүү нарийн шинжилгээг гуравдахь шатлалын эмнэлэгт хийж байгаа.

-Өрхийн эмнэлэг анхан шатны тусламж үйлчилгээгээ үзүүлж чадаж байгаа юу, эсвэл иргэдийг хоёр, гуравдугаар шатлал руу илгээх л үүрэг гүйцэтгэж байна уу гэдгийг хянах боломжтой юу?

-Бид өвчтөн шилжүүлэх тогтолцоон дээр анализ хийж үзсэн. Иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээний 40 гаруй хувь нь төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт, 20 хүрэхгүй хувь нь анхан шатанд, үлдэх хувь нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамаарч байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гурвалжин гэж байдаг. Бусад улс орнуудад энэ гурвалжингийн суурь, хамгийн өргөн хэсэг нь анхан шатны тусламж үйлчилгээнд хамаардаг байхад манайд эсрэгээрээ гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ илүү зонхилж доошоо харсан гурвалжин хэлбэртэй харагддаг.

Ганцхан жишээ авъя. Өрхийн эмнэлэг жирэмсэн эмэгтэйг хяналтдаа авах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Тухайн жирэмсэн эмэгтэй ямар нэг байдлаар хавсарсан өвчтэй, эрсдэлтэй байгаа тохиолдолд аймаг, дүүрэг дээрээ хянуулна. Бүр их эрсдэлтэй тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг рүү илгээх ёстой юм. Иймээс өрхийн эмнэлэг илүү гэр бүл, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм.

Манай салбар чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоондоо тодорхой шинэчлэлтүүдийг хийж байна. Өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн л бол санхүүжилтээ авдаг тогтолцооноос татгалзаж, өвчтөн тухайн байгууллагаас авах ёстой чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсан уу гэдэг дээр санхүүжилт олгож эхэлсэн. Санхүүжилтийн энэ механизм анхан шатны тусламж үйлчилгээнд бүрдээд эхлэхээр өрхийн эмнэлэг иргэнээ үзэлгүйгээр шууд шилжүүлээд байх боломжгүйгээс гадна гуравдахь шатлалын эмнэлэгт хэт их ачаалал үүсгэж нөгөө талдаа иргэд хүлээгдэж байна уу гэдгийг цахимд оруулснаар хянаж эхэлсэн. Одоо  мэдээллийн технологийн чадавхийг сайжруулах, программ хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Өмнө нь иргэд өрх рүү залгаж цаг аваад, гуравдугаар шатлалын эмнэлэг дээр зургаа авахуулаад, нарийн мэргэжлийн эмчээр үзлэгээ хийлгэчихдэг байсан. Одоо заавал өрхийн эмнэлэг рүүгээ яв гэж байна хэмээн бухимдаж байна. Ямар оношилгоо, эмчилгээ дээр 13А шаардахаар нэмж тусгасан бэ?

-Өвчтөн шилжүүлэх журам дээр яаралтай тусламж, хавсарсан өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тохиолдолд 13А маягт шаардахгүй.

Өрхийн эмнэлгээр дамжуулаад байгаа нь өрх дээрээ үзүүлээд, оношлуулаад, эмчилгээгээ аваад, өдрийн эмчилгээнд хамрагдаад явах боломжтой байхад гуравдахь шатлалын эмнэлэгт очиж үзлэг шинжилгээ хийлгэнэ гэх нь эргээд хэрэгцээ шаардлагатай өвчтөнүүдийг хүлээлгэж ачаалал үүсгэж байгаа учраас зохицуулж байна.

-Чих хамар хоолойн тасагт үзүүлэхэд нүдний эмчид хандаж, зураг авахуулах шаардлагатай болоход дахин 13А маягт авчрахыг шаардаж байна гэсэн байсан. Ийм зүйл байгаа юу?

-Энэ тохиолдолд мэдээлэл дутуугаас үүдсэн ташаа ойлголт байна.  Нэгэнт 13а шаардахгүй өвчин дээр дахиад нүдний эмчид үзүүлэхээр тухайн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байгаа тохиолдолд 13А шаардахгүй. Үзлэг эхлээд тухайн эмч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээгээ тодорхойлохын тулд өөр төрлийн үзлэгийг хийх хэрэгтэй байгаа учраас ямар нэг бичиг шаардахгүй.

Бидний зүгээс өвчтөн шилжүүлэх журмыг боловсронгуй болгох явцад анхаарах хэрэгцээ шаардлага гарч байна. ӨЭМТ дээр ямар өвчлөл хамрагдах ёстой, өвчний оношоор гаргаж өгөх зэрэг олон байдлаар сайжруулна гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм17 цаг 26 минут

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе17 цаг 34 минут

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Шударга мэдээ17 цаг 38 минут

“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад боди...

Цаг үе17 цаг 42 минут

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд ...

Цаг үе17 цаг 49 минут

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа яву...

Цаг үе17 цаг 55 минут

“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудад гэрчилг...

Цаг үе18 цагын өмнө

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Цаг үе18 цаг 11 минут

Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүл...

Улстөр нийгэм2026/08/24

COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын б...

Цаг үе2026/08/24

1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж...

Санал болгох