Цаг үе
Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг
- Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл
- Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн юм.
Эхний хэсгийн хучилтын ажлыг Үндэсний баяр наадмын өмнө гүйцэтгэж, тэгш байдал алдагдан, суулт үүссэн хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Харин хоёр дахь хэсгийн замын зорчих хэсгийг маргаашаас хааж, хучилт хийх гэж байна. Тодруулбал, маргааш буюу долоодугаар сарын 22-ны 22:00 цагаас долоодугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Энэ хугацаанд зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальт бетон хучилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхэлж зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тодруулбал, маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй юм байна.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Энэ үеэр нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуузаар нь, савласан нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр зарах юм байна.

Цаг үе
Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулна
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүенийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж Монгол Улс "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон.
Энэхүү тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2026 оны 220 дугаар тогтоолоор баталсан. Төлөвлөгөөний дагуу Сонгуулийн ерөнхий хороо "Нээлттэй нийгэм форум"-тай хамтран ирэх есдүгээр сарын 22-24-ний өдөр олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Олон улсын дугуй ширээний уулзалт нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын шинэчлэлийн хэрэгжилтийг ахиулах зорилгоор хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах практикийг сайжруулах, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, эрсдэлд суурилсан арга хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ практик туршлага бүхий мэргэжилтэн, хяналтын байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн харилцан туршлага солилцоог дэмжинэ.
Тус арга хэмжээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг бодитой хэрэгжүүлэх практик арга замуудыг хэлэлцэх, цаашдын олон улсын удирдамж болон хэрэгжилтийн хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх талбар болохын зэрэгцээ Азийн шинэчлэлд чиглэсэн улс орнуудыг бодит алхам хийхэд сайн туршлага болох ач холбогдолтой.
Уг арга хэмжээг зохион байгуулахад Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Транспэрэнс Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл /Open government partnership/ зэрэг олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Австрали, Канад, Норвеги, Англи, Япон, Молдав, Индонез, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ыг уг арга хэмжээнд оролцохыг урьж, санал солилцсон юм. UNODC-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын тогтоолын ач холбогдлыг онцлоод олон улсын уулзалтад оролцохоо илэрхийллээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, гадаад харилцаа хариуцсан референт Б.Уянга болон "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцов.
Цаг үе
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугам (Яармаг, Арцатаас Өнөр хороолол) -ын барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПOMA группийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр
"Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлууд,
Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх хоёрдугаар шугамыг 2.7 км урт, 3 буудал, 13 тулгуур багана, 74 кабинтай барих ТЭЗҮ-ийг үндсэн зээлийн санхүүжилтээр эхлүүлэх боломж,
Хоёрдугаар шугамыг үндсэн зээлийн үлдэгдэл болон IFC (Олон улсын санхүүгийн корпорац) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилттэй хосолсон холимог санхүүжилтээр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор агаарын дүүжин замын тээвэр төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг, Арцатаас Өнөр хороолол хүртэлх нэгдүгээр шугамыг ирэх есдүгээр сараас туршиж, арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотод автобуснаас өөр анхны нийтийн тээврийн хэрэгсэл болж баригдаж байгаа онцлогтой. Төслийн хоёрдугаар шугамыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд барихаар эхний байдлаар бэлтгэж байна” гэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Дүүжин замын тээвэр” төслийн нэгдүгээр шугамын ажлыг Францын ПOMA групп болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК хамтран гүйцэтгэж, төслийн явц 76 хувьд хүрээд байна.
“Дүүжин замын тээвэр” төслийн нэг, хоёрдугаар шугамыг хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна.
