Улстөр нийгэм
Шувуут нуурын арал дээр мод тарив
Олон улсын худалдаа логистикийн төв ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Тус компани нь 2024 он хүртэл 10 мянган мод тарихаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил Авто худалдааны цогцолборт 2000 мод тарьсан бол энэ жил 3500 мод тарьжээ. Ингэхдээ манай улсад хамгийн сайн ургадаг хайлаас 3000, шар хуайс 250, гүйлс 300, монос 50 ширхгийг тарьсан байна. Моднуудын онцлогоос хамаарч гурван хэсэгт хуваан суулгасан бөгөөд Шувуут нуурын арал дээр аврах завиар очиж, мод тарьсан юм.
Бүх нийтээрээ мод тарихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 195 дугаар цэцэрлэг, “Нэт капитал” ББСБ, “Шунхлай” ШТС зэрэг байгууллага хамт олноороо оролцсон бөгөөд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, түрээслэгчид өргөнөөр оролцлоо.

Цаашид тус байгууллага нь долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд дэд бүтэц, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх юм.
Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийг “Авто худалдааны цогцолбор” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэн нүүлгэхээр заасан. Энэхүү ажлыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцан ажиллахаар болж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор уг газрыг байгуулсан бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 дугаар тогтоолоор Олон улсын худалдаа логистикийн төв ХК болгон өөрчлөн байгуулсан юм гэж Олон улсын худалдаа логистикийн төв ХК-иас мэдээллээ.Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
-
Улстөр нийгэм2019/12/31
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх б...
-
Улстөр нийгэм2023/06/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис Монгол Улсад айлчилна
-
Цаг үе2024/02/14
Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Улстөр нийгэм2025/01/17
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ
