Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үйл ажиллагааны тайлангаа танилцуулж байна

Огноо:

,

СЭТГҮҮЛЧДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

2018.2.26-04.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан бүх гишүүдтэй уулзах санал хүсэлтийг сонсох, их хурлын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго, зорилтоо танилцуулах, салбар зөвлөлийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгаар тойрч ажиллав.

2018.3.30. "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэтгүүл зүй судлаачдын IV симпозиум болж салбарын талаар мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

2018.04.16-19. МСНЭ-ийн 23 салбар зөвлөлийн төлөөлөл, 21 аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон “Орон нутгийн анхдугаар форум”-ыг зохион байгууллаа. Тус форумд орон нутгийн сэтгүүлчид, төвийн сэтгүүлчид, зохион байгуулагчид, ажлын алба болон сургагч багш нарын  бүтэц бүрэлдэхүүнтэй нийт 170 хүн оролцсон юм. Мөн форумаар төсөл бичих, маркетингийн төлөвлөгөө боловсруулах цогц сургалтад хамруулах, хоорондоо туршлага хуваалцах, орон нутгийн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, орон нутгийн сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж биелүүлэв.

2018.05.01. “Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөтөлбөрийн нээлт” болов.

2018.05.01. “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг хийлээ.

2018.05.02.   Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа.

2018.05.02. “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг 150 редакторын оролцоотойгоор зохион байгуулав.

2018.05.03. Монголын сэтгүүл зүйн салбарын 105 жилийн ойн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг 700 сэтгүүлчийг хамруулан зохион байгууллаа.

2018.06.03-04. Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хэнтий аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчид, төлөөлөгч, сургагч багш нарыг оролцуулсан Зүүн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийлээ.

2018.06.08-09. Баян-Өлгий, Увс, Ховд, болон Говь-Алтай аймгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамруулсан Баруун бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалт хийв.

2018.6.16-17. Дархан-уул, Хөвсгөл, Орхон Сэлэнгэ аймаг болон Налайх дүүргийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилчдыг оролцуулсан Төвийн бүсийн сэтгүүлчдийн бүсчилсэн сургалтыг зохион байгууллаа.

2018.8.17-20.  Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нийт 70 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамруулсан Зүүн бүсийн урлаг, спортын наадмыг зохион байгуулав.

2018.9.21-24. Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөл, Хөвсгөл  аймгийн 80 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хамарсан Төвийн бүсийн урлаг, спортын наадам боллоо.

2019.02.18. Мэдээллийн сайтын эрхлэгчид, сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж, цахим сэтгүүл зүйн тулгамдсан асуудлыг хэлэлцэв.

2019.03.06. "Сэтгүүлчийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь" сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

2019.04.20-22. МСНЭ "Орон нутгийн хэвлэл мэдээллийн II форум”-ыг Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт өдрүүдэд зохион байгууллаа. Тус форумд 21 аймгийн 100 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчид оролцлоо. Форумаар Хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, өрчин цагийн чөлөөт хэвлэлийн асуудал, сэтгүүлчдийн ур чадвар, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, сэтгүүл зүйн бичвэр түүнд тавигдах шаардлага, төрөл зүйлүүдийг хэлэлцсэн юм.

 

2019.05.02.  “Редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран хоёрдахь удаагаа 200 редакторын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.

2019.05.03. “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний II форумыг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр СТӨ-нд зохион байгууллаа.

2019.09.13. Монголын сайтын холбооноос санаачлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МСНЭ-тэй хамтран "Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа" сэдэвт сургалт зохион байгууллаа.

СЭТГҮҮЛЧДИЙГ ДЭМЖИХ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР

2018.02.21. МСНЭ-ийн үе үеийн ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, ахмад сэтгүүлчид зэрэг 130 гаруй ахмад буурлуудаа хүндэтгэл үзүүлэх сар шинийн золголт хийв.

2018.03.06. Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн хурал боллоо. Тус хуралд ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн албадын дарга нар, хэвлэл мэдээллийн ажилчид,  МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн төлөөлөл оролцсон юм.

2018.03.06. “Эх сайхан монгол хэл” цахим хөдөлгөөний чэллэнж эхлүүлж сошиал орчинд найруулга зүйн хувьд алдаагүй зөв бичиж заншихыг уриалсныг үр дүнд уг хөдөлгөөнд 500 гаруй сэтгүүлч, 25 мянган иргэд нэгдсэн юм.

2018.03.21. Дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг тохиолдуулсан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулав.

2018.07.11. Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУСГЗ, Төр нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны 100 жилийн ойд зориулан босгосон Гэрэлт хөшөөний нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож үр ач, төрөл төрөгсөд, нутаг усны зон олонд нь хүндэтгэл үзүүллээ.

2018.09.26. “1000 сэтгүүлчийн орон сууц” хөтөлбөр, "Сэтгүүлч" ордон байгуулах төслийн нээлт, "Шинэ Гүрэн" орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийн орон сууцны барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

2018.09.26  “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээгээ хүлээн авч, барилгын зургийн ажлыг хийж гүйцэтгэж дуусаад байна.

2018.10.01.  МСНЭ-ээс ахмадын баярыг тохиолдуулан ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

2018.12.04. МСНЭ, МУИС хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2018.12.09. “Ган үзэг 2018” оны тэргүүн наадмыг зохион байгуулав. МСНЭ-ийн Удирдах зөвлөлөөс сэтгүүлч мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, сэтгүүлзүйн бүтээлийн үнэлгээг өсгөх зорилгоор оны шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн бүтээлд мөнгөн шагнал дагалддаг болгох шийдвэр гаргаж, нийт шагналын сан 99 сая төгрөгийн шагналыг “Ган Үзэгтэн” сэтгүүлчдэдээ олголоо.

2019.02.09. Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан МСНЭ салбарын 130 ахмадаа хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг гардууллаа. 

2019.02.15. "Улаан Од" нэрээрээ уншигч түмэндээ хоногшсон "Соёмбо" сонины 95 жилийн ойд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр оролцож мэндчилгээ дэвшүүлэн дурсгалын зүйл гардуулав.

2019.02.20. “1000 сэтгүүлчийн орон сууц” хөтөлбөрийн талаарх мэдээллийг, хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн редакцад хүргүүлж, нийт 100 сэтгүүлчийн материал ирснээс орон сууцад хамрагдах шалгуур хангасан 44 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын  материалыг “Шинэ гарц” ХХК-д хүргүүлэв.

2019.03.06. Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн баярын хурлаар Ж.Цэвээний нэрэмжит Сэтгүүл зүйн салбарын дээд шагналаар хуучнаар "Улаан-Од" одоогийн “Соёмбо” сонины 100 настай ахмад сэтгүүлч, хурандаа Ж.Ядмаа, МСНЭ-ийн "Алтан өргөмжлөл"-өөр МУСГЗ ахмад сэтгүүлч Г.Жамъян, Д.Хасбазар, Ш.Батмөнх нар шагнагдлаа. Мөн МСНЭ, МОНЦАМЭ агентлагаас хамтран олгодог шилдэг мэдээний сурвалжлагчийн шагналыг сэтгүүлч М.Бүжинлхам, “TВ5” телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа нарт олгов. 

2019.3.20. Дэлхийн “Аз жаргалын өдөр”-ийг угтан эсээ бичлэг, гар зураг, фото зураг, шилдэг бүтээлийн уралдааныг зарлав. Мөн нийгэмд хийж бүтээсэн сайн сайхан үйл хэрэг нь олонд хараахан танигдаагүй хувь хүн болон хамт олныг нээн илрүүлж "Гэгээн Үйлстэн” шагналыг олгов.

2019.03.22. МСНЭ-ийн дэргэд Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөл байгуулагдав. МСНЭ-ийн Удирдах зѳвлѳлийн хуралдаанаас МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зөвлөлийн даргаар Б.Чадраабалыг сонголоо.

2019.06.07. МСНЭ-ийн зүгээс Орхон аймгийн ахмад сэтгүүлч Янживын  Чүлтэмийн “Тавтын захирал”, “Эзэн богд Чингисийн 108 сургаал”, “Туулсан замын гэгээн мөр” зэрэг номуудын хэвлэлтийг ивээн тэтгэв.

2019.09.01. Сэтгүүлчдийг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй, зарим нарийн мэргэжлийн шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамруулах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

2019.09.05. МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр, Бага хурлын гишүүн Д.Батчимэг нар Багануур дүүрэг дэх сэтгүүлчидтэй уулзаж МСНЭ-ийн Багануур дахь салбар зөвлөл албан ёсоор байгуулагдав.

2019.09.16. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлч М.Уянга, Ж.Жаргалсайхан нарын эмчилгээний зардалд нэмэрлэхээр хувиасаа тус бүр хоёр сая төгрөг хандивлав.

2019.10.03. МСНЭ ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт залуу нас, сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөсөн үе, үеийн ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хараат бус сэтгүүл зүйн чиглэлээр ахмадууд үнэтэй зөвлөгөө өглөө.

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

2018.2.24. МСНЭ, Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх асуудлаар уулзалт хийв.

2018.03.01. МСНЭ-ийн Ажлын албанд хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн орон тоо бий болгож, орон тооны өмгөөлөгч ажиллуулж эхэллээ.

2018.04.26. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан асуудлаар мэдэгдэл хийлээ.

2018.05.17-18. МСНЭ-ээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсэг байгуулахаар хуралдаж тус хурлаас нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав.

2018.05.23. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ерөнхий ажлын хэсгийн Хууль эрх зүйн дэд ажлын хэсгийн хуралдаан болов.

2018.05.28. МСНЭ-ийн Ажлын албаны байранд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан болов.

2018.05.30. Нийслэлийн Иргэний танхимд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нээлттэй хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн болон хуулийн салбарынхан “Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн бодит байдлын хүндрэл, бэрхшээлтэй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжит хувилбарыг тодорхойлох” сэдвийг хөндлөө.

2018.07.31. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаатай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа.

2018.12.03. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Стандарт, хэмжил зүйн  газраас “dorgio.mn” сэтгүүлч А.Баярмаад холбогдуулан гаргасан зөрчлийн хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлснээр уг зөрчил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн.

2018.12.24. Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж буй албан саналд гарын үсэг зурах ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнд боллоо.

2019.04.01. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст сэтгүүлч Д.Батбаярын ажилладаг “Newspress.mn” сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан Л.Чинбатын гомдлоор Зөрчлийн хэрэг үүсээд явж байна. Уг явдал дээр МСНЭ-ийн зүгээс сэтгүүлч Д.Батбаярт өмгөөллийн туслалцаа үзүүлсэн бөгөөд өдгөө хүртэл тус хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдэж байгаа юм.

2019.06.17. Орхон аймгийн хот тохижилтын газрын дарга Б.Оюунбаярын нэхэмжлэлтэй сэтгүүлч Б.Цэвэгмидэд холбогдох иргэний хэрэг үүссэнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Уг хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

2019.09.18.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон zarig.mn мэдээллийн сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргаантай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал зохион байгуулж, хоёр талын мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэн, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалав.

2019.09.20. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд МСНЭ-ээс урт хугацаанд өмгөөллийн туслалцаа үзүүлж ажиллав. Уг хэрэг бүхэлдээ хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдлээ.

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох