Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш...

Огноо:

,

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 26-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон. Энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.

"Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг танай холбоо 2 дахь удаа гаа зохион байгуулах гэж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?

2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 мянга орчим аж ахуйн нэгжээс, 83,086 аж ахуйн нэгж  буюу 80 шахам хувийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж эзэлдэг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, амжиргаагаа залгуулж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2018 онд "Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн форум 2018"–ийг нийслэл болон орон нутгийн 400 орчим төлөөлөгчдийг оролцуулан анх удаа зохион байгуулсан. Энэхүү форумаар баялаг бүтээгчид, УИХ-ын гишүүд, төр, засгийн төрөл бүрийн түвшингийн шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, тэдний санал санаачлага, өмнө нь тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэр гаргагч нарт хүргэсэн юм.

Түүний дотор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө “жинхэнэ” баялаг бүтээгч нарт олдохгүй байна гэдэг асуудлыг хамгийн хурцаар тавьсны үр дүнд ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг баялаг бүтээгчдэд хуваарилах талаар тодорхой ахиц дэвшил гарсан.

2007 онд баталсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг энэ оны 6 дугаар сарын 6-нд УИХ батлан гаргалаа. Гэвч, манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжийн 88% нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай, 9,6% нь 10-50 хүртэлх тооны ажиллагсадтай, үлдсэн 1,8% нь 50 болон түүнээс олон тооны ажиллагсадтай байгаа судалгаа байдаг.

Энэ байдал үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн өмнө санхүүжилт, зээлийн асуудлаа шийдвэрлэх, бүтээгдэхүүнээ борлуулах тогтвортой, найдвартай дотоодын зах зээлтэй болж зах зээлээ хамгаалах, ажиллах хүчнээ сонгож бэлтгэх, сургалт явуулах, ажлын байр шинээр бий болгох, техник, технологио шинэчлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахуулыг даван туулах зэрэг саад бэрхшээл, хүндрэл бий болгож байгаа тухай энэ салбарын бизнес эрхлэгчид олон хэлбэрээр санаа бодлоо илэрхийлж байна. Тухайлбал импортын бараа хүч түрэн орж ирж буй өнөөгийн нөхцөлд  жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээл дээр оршин тогтноход хүндрэлтэй, орон зай нь улам бүр хумигдсаар байгаа юм. Импортын бараа бүтээгдэхүүн монголын зах зээлд гаальтай, “гаальгүй” хэлбэрээр чөлөөтэй орж ирж байгаа тохиолдолд үндэсний ЖДҮ хөгжинө гэж бодохын ч хэрэггүй. Өдрийн зээл аваад явж байгаа жижиг бизнес эрхлэгчид зээлийн хүүгээс гадна төрийн хүнд суртал, хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой Монголд ажиллахаас илүү гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон. Тухайлбал, БНСУ руу 3 сарын жуулчлалын визтэй гарч тэндээ үлдэж “хараар” ажиллах эрмэлзлэл их болсон зэрэг асуудлыг өнгөрсөн жилийн форумаар хөндөн тавьсан боловч шийдэгдээгүй байгаа тул энэ удаагийн форумыг зохион байгуулах шаардлагатай гэж манай холбоо үзсэн.

Баялаг бүтээгчид сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна.

Жил бүр Монгол улсын эдийн засгийн чуулган хэмээх томоохон арга хэмжээ болдог. Энэ форум та бүхний асуудлыг давхар хөндөх учиртай гэж харж байна?

Мэдээж таны хэлснээр “Эдийн засгийн чуулган” хэмээх маш том арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг ч ЖДҮ эрхлэгчдийн өмнө бий болсон хүндрэл, саад бэрхшээлийн асуудлыг хөндөж хэлэлцдэггүй.. Өөрөөр хэлбэл ЖДҮ үйлчилгээний салбарын хөгжлийн талаар огт яригддаггүй гэсэн үг. Цаашлаад ЖДҮ форумыг ивээн тэтгэх байгуулага ч олддоггүй. Ийм өнчин өрөөсөн хамгийн хүнд зовлон зүтгүүр дунд явж ирсэн ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ баригдсан салбар. Монгол хүний тэвчээр үнэхээр гайхалтай юм даа. Ер нь бол бид /баялаг бүтээгчид/ сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Ийм тохиолдол дэлхийд хаа ч байдаггүй ховорхон юм билээ. Эцсийн эцэст манай Монголын ард түмэн ШУДАРГА ЁСЫГ их хүсэмжилж байна.

ЖДҮ сангаас шат шатандаа давуу эрхээ ашиглан жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүрэх ёстой хувиас урьдчилж хүртэж байгаа тохиолдлыг хэрхэн харж байна?

Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой төрийн санхүүгийн дэмжлэгийг баялаг бүтээгчдэд хүртээхгүй байна. Мөн тэдний үр хүүхэд төрийн сангийн зээлээр сурах боломжийг авч чадахгүй, жирийн ард түмний хүүхдүүд хувийн сургуульд сурч, ломбардны хүүнд мөлжүүлж хүүнээс хүү, ломбарднаас ломбардан дунд амьдарч байгааг олон нийтийн сүлжээнээс харж байгаа байх. Сүүлийн үед УИХ-ын гишүүд олон нийтийн сүлжээг гарамгай ашиглаж улс төрөө хийдэг болсон шүү дээ. Тэд мэдээлэлд ойрхон байгаагаа ашиглаж ЖДҮ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаас хумсалж, цаашлаад ард түмний үр хүүхдийн сурч боловсрох боломжоос нь хулгайлсаар байна.

Энэ бол УИХ-ын гишүүд олуулаа бүлэглэн үйлдсэн баримттай “Хулгай” юм.

Энэ хулгай өнгөрсөн жил болсон манай форумын үр дүнд илэрч нийгмийг шоконд оруулж нийт монголчууд тэр тусмаа гадаадад амьдардаг монголчууд бүх нийтээрээ жигшин зэвүүцэж "ЖДҮ эрхлэгчдэд тохиолдсон хар өдрүүд" гэж нэрлэн жил бүр яг энэ өдөр ЖДҮ эрхлэгчдэд тохиолдож буй саад бэрхшээлээ тогтмол сануулж форумаа бид "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ оролцоо" сэдвийн дор өргөн хүрээг хамруулж зохион байгуулж байхаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус форумыг энэ сарын 26-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байгаа юм.

“ЖДҮ сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн сангийн ажилтнууд давуу эрхээ ашиглан зээл авч төрөл садандаа зээл олгуулсан асуудал өнөөдөр ч дуусгавар болоогүй байна. Танай холбоо энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

Энэ асуудал олон нийтэд ил болоод 1 жилийн ойн дээрээ ирж байна. Энэ бол Баялаг бүтээгч бид нарын боломжийг хулгайлсан мэдээлэл нийгэмд цацагдаж бид ямар хүнд итгэж саналаа өгсөнөө таньж, мэдэж авсан явдал байлаа. Нэг талаар сайн ч нөгөө талаар урд нь дурдсанчлан “хар өдрүүд” үргэжилсээр байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хуулийн фермүүд, “Бид уучлахгүй” хөдөлгөөн,  судлаач эрдэмтэдтэй хамтран дээрх алдагдсан боломжийг ажил хэрэг болгох талаар ярилцаж нэгдэн өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн.  Одоо ч үргэлжлүүлэн тэмцсээр  байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн алдагдсан боломжийг эргэж нөхөж авахад цаг хугацаа алдсаар байгаа нь бидний санааг зовоож байна.. Учир нь бизнест цаг хугацаа алтнаас ч илүү үнэтэй. Их хурлын зарим гишүүд болон гүйцэтгэх засаглалын тодорхой гишүүд тус бүр ЖДҮ сангаас 950 саяын хөнгөлттэй зээлийг хавтгайруулан авсан. Бяцхан тооцоо хийхэд 1 гишүүн 950 саяар зээл авсан гэж  бодоход 100-аад бичил болон жижиг аж ахуй нэгжийн зээлийг ганцаараа авсан байгаа юм. Мөн наад зах нь 500-1000 ажлын байр шинээр бий болох ёстой байсан. Үүнийг л алдагдсан боломж гээд байгаа юм шүү дээ. Өрхийн болон бичил үйлдвэрлэгч нар 5-20 саяын хооронд л ихэвчлэн зээл хүсдэг. Жирийн иргэд, хөндлөнгийн шинжээч нарын хардаж байгаагаар ямар нэг компаниар дамжуулан ЖДҮ сангаас мөнгө авч банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудаар дамжаад мөнгө хүүлэлт явагдаж далд эдийн засаг цэцэглэж байгааг дурдаж байсан. Ийм магадлал их бий. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна.

Та бүхний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн үү?

Бидний өнгөрсөн хугацааны тэмцлийн үр дүнд 2019 оноос төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлж, хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Яагаад ингэж хийж байгаа вэ? гэвэл сайндаа ч биш 2019 оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А-119 тушаалаар Төрийн өндөр албан тушаалтан түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол ЖДҮ эрхлэгчийн төслийг хүлээн авахгүй байхаар журамласан. Мөн тухайн төслийг сан болон аймаг ЖДҮ асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн бол төслийг хүлээн авахгүй, мөн бусад сангуудад зээлтэй бол мөн зээл олгохгүй гэх мэт олон заалтууд орсон нь сайшаалтай юм.

Энэ хуулинд анх удаа хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж хэрэгжүүлэхээр хуульчлаад байгаа юм. Шинэ хуулинд зорилго, зорилтыг тодорхой болгосон. Хуучин 2007 оны хуулийн зорилго нь тунхаг төдий байсан бол энэ удаагийн хуулинд зорилго болон зорилтыг ялгаж нарийвчилсан онцлогтой. Энд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх,  өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэргээр заасан боловч харин ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛАХ гэсэн нэр томъёо ороогүй нь харамсалтай. Баялаг бүтээгчдэд хэрэгтэй  хамгийн чухал заалт байсан. Кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг засгийн газар батлахаар хуульчлагдсан нь шинэлэг зүйл байлаа.    

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийг сангаар дамжуулан олгох нь зүйтэй юу?

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй төрийн онцгой хөнгөлөлт бүхий зээлийг ямар нэг сайд, засаг дарга сангаар дамжуулан олгох нь буруу. Ямар нэг сайд, аймаг сумдын засаг дарга нар зээлийн асуудлыг шийдэж байгаа тохиолдолд зээл зорилтод бүлэгтээ очиж чадахгүй. Үүнийг баялаг бүтээгчид байнга хэлж, сануулсаар ирсэн. Сангийн мөнгийг 100 хувь банкаар олгох нь зүйтэй. Манай улсад үйлчилж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, батлан даалтын сангууд япон туршлагаар манай улсад хэрэгждэг. Гэвч япончууд дүрэм журмаа сайн баримталдаг ёс суртахуун өндөртэй байдаг учир зөв хэрэгждэг бол манайд эсрэгээрээ сайд дарга нар 3 хувийн хүүтэй онцгой хөнгөлөлттэй зээлийг авч буруу хэрэгжиж байгаа нь монголд тохирохгүй гэдгийг батлаад байгаа юм. Тухайлбал “Жайка” ОУ-ын байгууллага 10 жилийн турш 280 тэрбумын төслийг манай улсад ЖДҮ салбарт амжилттай хэрэгжүүлсэн бэлэн туршлага байна. Энэ зээл бүгд банкаар дамжин олгогддог.  Зээлийн хэмжээг нэмэх, хугацаагааг сунгах, зээлийн хүүг буулгах чиглэл дээр “Жайка” тогтмол ажилладаг. Манай банк санхүүгийн байгууллага дэлхийд байхгүй өндөр хүүгээр зээл олгодог гэдэг боловч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг ард иргэддээ шударгаар олгоод явдагсан бол дэлхийд хамгийн бага хүүтэй зээл олгодог улс болж болохоор харагдаж байна.

Гэтэл манай улсад өндөр хүүтэйг нь аж ахуй нэгж, жирийн иргэд, хамгийн бага хүүтэйг нь дарга сайд нар авч байгаа нь шудрага ёс нийгэмд үгүйлэгдэж байгааг батлан харуулж байна.

Том үйлдвэрийг дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-г дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг тогтолцоотой.  Сан бол өсөн үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш. ЖДҮ сангийн онцгой хөнгөлттэй зээлийг дагасан шударга бус үйлдлүүд нийслэлд төдийгүй аймаг суманд хүртэл гарч байгааг АТГ-ын олон нийттэй харилцах зөвлөлөөс саяхан мэдээлэлээ. Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл нь 3 хүртэл хувиар 36 сарын хугацаатай олгогддог  онцгой хөнгөлттэй зээл юм. Одоогийн байдлаар энэ сангаар 100-аад тэрбум төгрөг эргэлддэг байх ёстой.  Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэдэд 10 хүртэл сая төгрөг ААН-д 20 сая хүртэл төгрөгийг банкинд хадгалуулж байгаа хадгаламжийн хүүнээс багаар өгөхөөр журамласан байдаг. Цаашлаад орон нутгийн хөгжлийн сан гээд иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг сан хүртэл байдаг. Ийм сайхан боломжууд байсаар байхад ажилгүй орлогогүй иргэд аргагүйн эрхэнд гадаадад гарч ажиллаж эрүүл мэндээ алдсаар байна. Мөн АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ өссөөр....

Олон улсын жишгээс харахад ЖДҮ-ийг дэмжих зээлийг хэрхэн олгодог вэ?

Нодлин ОХУ ийн ерөнхийлөгч Владимир Путин ядуу хүмүүст зориулсан банк байгуулах тогтоолд гарын үсэг зурсан. Путины энэ шийдвэр нь Дэн Сяопины тухайн үед хэрэглэсэн аргыг санагдуулж байгааг судлаачид хэлж байсан.  Өмнө нь хятадад 300 сая хүнд барьцаагүй,хүүгүй зээл өгч байж.  Энэ нь манайхаар бол ЖДҮ-ийн зээл юм.  Ийм хэлбэрийн зээлийг манай орны ЖДҮ эрхлэгчдэд олгох нь ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулах шинэ боломжийг бий болгоно.

Одоо бид бүгд Неолиберал эрин үед амьдарч байна. Чөлөөт /зохицуулалтгүй/ эдийн засгийн системд бүтээгдсэн эд баялаг үргэлж тэгш бус хувиарлагддаг гэдгийг судлаачид аль хэдийнээ тогтоосон.

Улс орны эдийн засаг улс төр мухардалд орох үед хөгжлийнх нь гарцийг зөв тодорхойлох нь чухал. “Чөлөөт худалдаа” хэмээх нэрийн дор орж ирж буй гадаад орны эдийн засгийн довтолгооноос дотоодын үйлдвэрлэл болоод зах зээлээ хамгаалах /протекнист/ төрийн бодлого явуулах нь хөгжлийн гарцын тулгуур асуудлын нэг юм. Товчдоо бол цөөн тооны баячууд олгиархуудын үе залгамжилсан улс төрийн засаглалтай, тэдний хяналтанд байдаг хөдөө аж ахуй уул уурхай давамгайлсан хоцрогдсон бүтэц бүхий эдийн засагтай тэгш бус байдлын ялгаа хэт ихтэй орчин үеийн неофеодалын нийгмийг бий болгож үе улиран сонгогдох засаглалын тогтолцоотой болох гэж оролдож байгааг нийтээрээ эсэргүүцэж байна.

Энэ удаагийн форумын зорилго юу вэ?

Энэ удаагийн форумд ЖДҮ-ийн хууль шинэчлэгдэн батлагдаж түүнийг дагаж гаргах журмын төсөлд ЖДҮ эрхлэгчид өөрсдийн эрх ашиг, саналаа тусгуулах зорилготой юм.  Учир нь бид 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай  болж байсан түүхтэй. Түүнээс хойш 11 жилийн дараа дахин тус агентлагийг байгуулах гэж байна. 2 дахь удаагаа агентлаг байгуулагдаж байгаа учраас энэ агентлаг ЖДҮ эрхлэгчийн хууль эрх зүйн асуудлыг сайжруулсан, дотоодын зах зээлийг хамгаалсан байхыг хүсч байна. Жижиг дундыг дэмжихэд 2 арга байдаг.

Нэг нь санхүүгийн арга, хоёр дахь нь санхүүгийн бус арга. Энэ  2 аргийг хослуулан дэмжиж байж амжилтанд хүрнэ. Энэ амжилтын төлөө баялаг бүтээгчид бид шинэ агентлагтайгаа гар нийлэн ажиллахад бэлэн байна. Засгийн газар болон салбарын яамнаас гарах журмууд дээр манай холбооны төлөөлөл орж ажиллах албан хүсэлтээ явуулсан боловч одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхитэй байдлыг 66 хувьд ажилгүйдлын түвшинг 6 хувьд хүргэнэ гэж МУ-ын хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгасан боловч одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 10,1 хувьд хүрч нэмэгдсэн. Ажилгүйдэл, ядуурал өссөөр, бидний гадаад өр зээл нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм.

Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн”-ийг дотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэн зорилт үндсэндээ биелэсэнгүй

Мөн итгэлийн зээлийг олгож ЖДҮ эрхлэгчид өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжинэ гэсэн зорилт тавьсан боловч өнөөг хүртэл бас л хэрэгжээгүй байна. Импортыг орлох бараа дотооддоо үйлдвэрлэсээр байтал импортоор орж ирж байгаа ижил төрлийн барааны татварыг нэмэхгүй байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүй 1 хувь болгож жилдээ 1 удаа тайлан өгдөг болгоно гэсэн амталт болон дэмжлэг биелэсэнгүй. Харин ч эсрэгээр жил бүр нийгмийн даатгалийн шимтгэл өссөөр байна. ЖДҮ эрхлэгчдэд энэ бол бас нэг том дарамт болж байна.

Танай холбооны үйл ажиллагаа сүүлийн үед хэрхэн явагдаж байгаа вэ? Идэвхижилтийн талаар ярихгүй юу?

Манай холбоо 21 аймаг 9 дүүрэгт салбартай олон мянган гишүүдийнхээ төлөө байнгын ажиллагаатай ТББ юм. Тус холбоо нь жирийн гишүүдийнхээ хийж бүтээж байгааг тогтмол хэвлэл мэдээллээр сурталчилж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хууль тогтоогч нартай байнга албан харилцаа явуулж тэр байтугай хэвлэлийн бага хурлууд хийж, гудамжид хүртэл жагсаж байсныг шударга иргэд, олон мянган гишүүд дэмжигчид маань санаж байгаа байх. Бид анх нэгдэж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагааны идэвхи алдагдаагүй,байнгын ажиллагаатай байгаа нь бидний бас нэгэн бахархал, нөгөөтэйгүүр энэ салбарт зайлшгүй анхаарал шаардагдаж байгааг сануулсан нэг хэлбэр гэж хэлж болохоор байгаа юм.

Ярилцлагын төгсгөлд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгчийн хувьд хэлэх талбарыг танд үлдээе?

ЖДҮ салбар ямар ч улсын НЭГ номерын бодлогын салбар байдаг. Яагаад гэвэл нийт хүн амын ажиллах хүчний 80-90 хүртэл хувийг энэ салбар гаргаж байдаг. Бүх л бизнес жижгээс эхэлдэг. Ажилгүйдлыг багасгаж, ядуурлыг бууруулах улсын томоохон бодлогод энэ салбар хамгийн том дэм болдог. Тиймдээ ч бидэнд парламентын засаглал байна уу, Хүчтэй Ерөнхий сайдын засаглал нь байна уу, Ерөнхийлөгчийн засаглал нь байна уу аль нь ч хамаагүй. Иргэд зөвхөн ШУДАРГА ЕС –ыг л маш ихээр хүсэж байна. Хамгийн гол нь бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эрхтэй баялаг бүтээгчид шүү дээ. Тиймдээ ч 2 дахь жилдээ “Жижиг, дунд үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019”-ыг зохион байгуулахаар ийнхүү бэлэн болоод байна. Эцэст нь хэлэхэд форум баялаг бүтээгч бүрт нээлттэй.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе11 цаг 34 минут

Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ

Цаг үе11 цаг 36 минут

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ

Улстөр нийгэм11 цаг 39 минут

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах ...

Цаг үе11 цаг 41 минут

Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”

Цаг үе12 цаг 7 минут

Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төл...

Цаг үе12 цаг 18 минут

АТГ: 111 гомдол шалгаж, 8 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Улстөр нийгэм12 цаг 34 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Цаг үе12 цаг 37 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Улстөр нийгэм12 цаг 40 минут

Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарт олон улсын шилдэг туршлагыг нутагш...

Цаг үе2026/05/01

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдө...

Санал болгох