Улстөр нийгэм
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан JEIL MACHINERY ХХК-ийн удирдлагуудтай уулзав
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан өнөөдөр БНСУ-ын JEIL MACHINERY ХХК-ийн Гүйцэтгэх захирал Пак Сан Кю болон тус компанийн инженер, техникийн ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.
JEIL MACHINERY ХХК нь Таван Толгой Түлш компанийн Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд коронавируст цар тахлын улмаас инженер, техникийн ажилтнууд нь манай улсад ирж ажиллаж чадаагүй байсан юм.
Уулзалтын үеэр ноён Пак Сан Кю “Нийслэл хотод түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн нь утааг бууруулах оновчтой шийдвэр байсан гэдгийг өнөөдрийн Улаанбаатарын агаар нотолж байна” гэлээ.
Төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ Эрчим хүчний сайд болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд нартай уулзалт хийжээ. Мөн Таван Толгой Түлш компанийн удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан, шахмал түлшний тоног төхөөрөмжийг улам сайжруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийг улам сайжруулах нь нийслэл хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд тодотгов.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2023/09/18
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
-
Улстөр нийгэм2022/08/18
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай ...
-
Цаг үе2022/11/17
ЗГ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа
-
Цаг үе2023/11/08
Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орж, улбар шар өнгийн түгшүүр зарлажэ...
