Цаг үе
“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм.
Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.
Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.
“Хөвсгөлчүүд дайлж байна” хоол хүнсний худалдаагаар Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно. Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна.
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна.
“Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой. Энэ үеэр олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайд залуусын тэмцээн, чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлж байхад Хөвсгөл аймгийн зохиолчид, яруу найрагчид, судлаач, эрдэмтдийн номын үзэсгэлэн худалдаа, номоо солилцох, хандивлах арга хэмжээ зэрэгцэн болно. Ийнхүү зөвхөн үзэсгэлэн худалдаа бус өргөн хүрээг хамарсан Хөвсгөл аймгийг сурталчлах, таниулах цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.
“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, Хөвсгөл аймгийн хөгжлийн боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг танилцуулж, “Хөрөнгө оруулалтын сан”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай байгаа ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.
Мөн Хөвсгөл аймгаас гаралтай дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэндээ өргөнө.“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. “Соён гэгээрүүлэгчдийн өлгий”- Хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил”-Хаалтын шоу тоглолт болно.
Цаг үе
1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.
Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Цаг үе
COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.
Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




Цаг үе
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.
Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.
Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.
Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.
Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.
Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.
2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.
Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.
-
Улстөр нийгэм2023/04/05
УИХ: Ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны товыг танилцуулж байна
-
Шударга мэдээ2026/04/02
Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар ши...
-
Цаг үе2021/09/09
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Улстөр нийгэм2021/09/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
