Цаг үе
Хятадын зүүн хойд хэсгээр их хэмжээний цас орж, улбар шар өнгийн түгшүүр зарлажээ
Хятадын зүүн хойд хэсгээр өнгөрөгч даваа гарагт буюу өчигдөр анхны их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас сургуулиудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон байна. Хэйлунцзян мужийн төв Харбин хотын томоохон хурдны замуудыг хааж, нислэгүүдийг цуцалсан гэж Хятадын төрийн телевиз CCTV мэдээллээ.
Мөн Мөрөн болон хөрш зэргэлдээ Ляонин, Өвөрмонгол мужуудад бага сургуулиудын хичээлийг цуцалжээ. Хэйлунжан дахь биеийн тамирын заал хэсэгчлэн нурж, гурван хүн дарагдсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг уурын төвөөс мөн хугацаанд орсон цас “түүхэн дээд түвшнээс давах” магадлалтай гэж мэдэгдсэн. Учир нь хүчтэй цасан шуурга Өвөрмонгол, Хармөрөн, Жилин, Ляонин мужуудын зарим хэсэгт үргэлжилж, зарим газарт 20 см хүрэх төлөвтэй байгаа аж. Хятадын цаг уурын албаныхан мягмар гараг хүртэл улбар шар өнгийн түгшүүр зарласан нь дөрөв дэх шатлалын хоёр дахь түвшний өндөр үзүүлэлт юм.
Ойрын өдрүүдэд Хятадын ӨМӨЗО, Жилин, Хармөрөн мужуудын өндөр хэсэгт 30 см-ээс их цас орох төлөвтэй байна. Тухайлбал, Шэньян хотод өдөртөө тэгээс бага хэмтэй байх төлөвтэй байгаа бол шөнөдөө агаарын температур жилийн туршид хэвийн хэмжээнээс 10 хэмээс доош буюу -12 хэм хүртэл буурах төлөв гарчээ.
Мөн энэ долоо хоногийн сүүлчээр зүүн Хятадын ихэнх нутаг болон хөрш зэргэлдээх нутгаар Сибирээс урагш чиглэсэн их хэмжээний хүйтэн агаарын даралт дайран өнгөрх төлөвтэй байгаа бөгөөд Хятадын зүүн хойд нутгийн зарим хэсэгт шөнөдөө -20 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгааг мэдээллээ.
Эх сурвалж: https://www.theguardian.com/
Орчуулсан Б.Гэрэлзаяа
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


-
Шударга мэдээ2019/12/31
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
-
Үзэл бодол2021/11/07
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дур...
-
Улстөр нийгэм2021/03/30
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд тулгамдсан түрг...
-
Цаг үе2019/09/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
