Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн нь геотехникийн шалтгаангүй хэмээн дүгнэжээ

Огноо:

,

Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хүмүүс мэдээлэл хийлээ.  
 
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой юм.
 
Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.


 
Оюутолгой төслийн менежер, уурхайн оператор болох Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс энэ асуудлыг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг бид Рио Тинто компаниас шаардах болно гэлээ.
 
Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм.
 
Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг бид Рио Тинто компанид итгэл хүлээлгэн өгсөн. Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэвч Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компанийн өнөөдрийг хүртэл бидэнд өгч байсан тайлбараас зөрүүтэй гарч байгаа нь Ажлын хэсгийн анхаарлыг татаж байна.
 
Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэх болно гэж Ажлын хэсгээс мэдээллээ.


 
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛБАР:

Хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулсан талаар

-       Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны 4 дүгээр сараас эхлэн яриа хэлэлцээг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны 1 дүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан.

-       Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйгаас шалтгаалсан, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч, “шүгэл үлээгчид” гадаадын зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэргээс шалтгаалж Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг Рио Тинто компанид албан ёсоор хүргүүлсэн.

-       Засгийн газраас хөндлөнгийн шинжээчид томилох саналыг Эрдэнэс оюу толгой ХХК-иар дамжуулан Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан бөгөөд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналыг дагуу тусгай хороо байгуулж хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Оюутолгой ХХК-ийн оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор Засгийн газрын төлөөлөл 2 гишүүн, Туркойс Хилл компанийн төлөөлөл 2 гишүүн тусгай хороонд орж ажилласан. Ийнхүү хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг Рио Тинто эрс эсэргүүцэж байсан бөгөөд Засгийн газрын төлөөлөл гишүүд анх удаа Туркойс Хилл компанитай хамтран ТУЗ-ийн тогтоол дийлэнх олонхоор батлуулсан.

-       Тусгай хорооноос хөндлөнгийн шинжээчдийн ажлын даалгаврыг баталж, хөндлөнгийн шинжээчид томилох ажлыг эхлүүлэн шаргуу ажилласан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ашиг сонирхлын зөрчилгүй мэргэшсэн зөвлөх компани олох нь маш бэрхшээлтэй байсан. Гэсэн хэдий ч дэлхийн нэр хүндтэй зөвлөхүүдээс бүрдсэн шинжээчдийн багийг томилж 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

-       Хөндлөнгийн шинжээчид хянах шаардлагатай мэдээллийн жагсаалтыг гарган Оюутолгой ХХК-д явуулж байсан бөгөөд зарим тайлан, мэдээллийг өгөхөөс Рио Тинто, Оюутолгой ХХК эрс татгалзаж байсан. Тухайлбал Техникийн үнэлгээний багийн тайлан бөгөөд 2016-2019 онуудад хөндлөнгийн зөвлөхүүдийн Оюутолгой төсөлтэй холбогдуулж гаргасан тайланг Рио Тинто өгөхөөс татгалзсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд энэхүү тайланг авах шаардлагатай талаар удаа дараа сануулж шаардлага хүргүүлсэн боловч Рио Тинто энэхүү мэдээллийг өгөөгүй.

-       Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны 8 дугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх мөн дүгнэлтийг хянасан. Энэхүү дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэсэн байна. 

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар

-       Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны наймдугаар сард хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн асуудлыг шалтаглан Рио Тинто компаниас түр зогсоосон.

-       Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргаанд хүргэсэн гэх асуудлаар Рио Тинтотой тохиролцоонд хүрч (бараг бүх асуудлаар буулт хийсэн) Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүхэлдээ Оюутолгой ХХК нь Туркойс Хилл компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Төслийн санхүүжилтийн зээл авснаар Рио Тинто компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч болох улс төрийн эрсдэлээ бууруулж, төсөлд оролцогч талуудыг нэмэгдүүлсэн.

-       Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто тухайн үед гаргаж байсан бөгөөд 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан 2016 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.

-       2019 оны долдугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.

-       2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын илүү нарийвчилсан тооцоог олон нийтэд зарласан бөгөөд энэхүү тооцоолол нь ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү тодорхой, нарийвчилсан тооцоолол болохыг дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагад үүнийг баталгаажуулсан.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд “шүгэл үлээгчид” АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас Рио Тинтогийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл мөн гарсан.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 цаг 41 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе13 цаг 51 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ14 цаг 42 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм14 цаг 59 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм15 цаг 4 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм15 цаг 15 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе15 цаг 19 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе15 цаг 25 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох