Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” ОУНБ-ын анхны нислэгийн ёслолд оролцож, үг хэллээ
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:
- Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
- 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
- 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
- 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
- Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
- Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
- Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
- Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.
Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Япон Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв.
Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
“Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.
Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд болон Элчин сайдын яамны хамт олон Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
“Өөдлөх айл үүднээсээ” гэж ардын сайхан үг бий. Энэ шинэ нисэх буудал Монголын ард түмний үүд хаалга, манай улсын хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг болж шинээр нээгдэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2018 онд миний бие Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, Стратегийн түншлэлийн чиглэлээр олон асуудал яригдсаны дотор хамгийн ихээр онцгойлон ярьсан нэг асуудал нь энэ нисэх буудлын барилгыг барьж, ашиглалтад оруулах байсан бөгөөд энэ талаар хоёр орны Ерөнхий сайд нар санал бодлоо солилцож, хамтарч ажиллахаар болсон юм.
Түүнээс хойш шинэ нисэх буудлын төслийн олон ажил эрч хүчтэй явагдан, өнгөрсөн жил бид нар шинэ нисэх буудлаа хүлээн авсан. Цар тахлын харгайгаар энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдсон ч өнөөдөр албан ёсоор Монгол Улсаас Япон Улсын Токио хотын чиглэлд анхны нислэгээ үйлдэх түүхэн үйл явдал болж байна.
Манай хоёр орны ард түмний харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон, ийм сайхан үйл явдал болж байна.

Жилдээ гурван сая хүн хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудалд зөвхөн иргэний агаарын тээврийн онгоцуудаас гадна хүнд даацын онгоцууд бууж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард түмний маань аж амьдрал дээшлэх, нэн ялангуяа аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг өсөн дэвжихэд шинэ нисэх буудал асар их ач тусаа өгнө гэж бодож байна.
Эзэн Чингис хааныхаа нэрээр овоглосон шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон энэ нисэх буудлыг барьж байгуулахад төр, засгийн түвшинд хамтран ажилласан хүмүүс, Монгол, Японы бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, энэ том бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулсан удирдлагын баг, хамт олон, оролцсон бүх компани, тэдгээрийн ажилтнууд, инженер, техникийн ажилчид, гар бие оролцсон бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар талархал дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Энэ нисэх буудал ашиглалтад орсноор улс орны маань хөгжил дэвшилд асар том ач холбогдолтой. УИХ-аар батлагдсан “Шинэ Зуун мод” хотыг хөгжүүлэх бүрэн боломж нь бүрдэж байна. Монгол Улсад ложистикийн шинэ төв нээгдэж байна. Энэ нисэх буудлыг дагаж шинээр амьдрал цэцэглэнэ. “Шинэ Зуун мод” хот хүн ард маань суурьшиж амьдрах, бизнес, эдийн засаг, худалдааны том бүс болон хөгжинө гэдэгт миний бие бат итгэлтэй байна.
Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд дахин баяр хүргэе!
Монгол, Японы ард түмний ган бат найрамдал, манай хоёр орны Стратегийн түншлэл улам хөгжиж, дэвжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Та бүхэнд баярлалаа” гэлээ.
Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлсэн үгэндээ, “…2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчлах үедээ тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзотой шинэ нисэх буудлыг шуурхай ашиглалтад оруулах тал дээр санал нэгдэн, түүнийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд хүндэтгэл үзүүлэн, гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж буй шинэ нисэх буудлын нээлтийн арга хэмжээнд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Та өөрийн биеэр оролцож байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолыг тохиолдуулан Япон Улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэндчилгээ ирүүлснийг уншиж сонордууллаа.
Дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд хариуцан ажиллах Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо шинэ нисэх буудлын үйл ажиллагаа нээгдэж буйг тунхаглан зарлав.
Тэрбээр “Бид Монгол Улсын агаарын үүд хаалга болох энэхүү шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүх зочид, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлдэг нисэх буудал байлгахын төлөө ажиллах тул цаашид дэмжин ажиллахыг Та бүхнээс хүсэж байна” гэлээ.
Ийнхүү шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буудал буюу “Буянт-Ухаа” нисэх буудлыг ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх болон сургалтын зориулалтаар ашиглаж, Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг үйлдэх юм.
“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлаас агаарын тээврийн Mongolian Airlines /MIAT/, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China Limited, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines Inc., Air Busan, SCAT Airlines зэрэг компаниуд нислэг үйлдэнэ.
Шинэ нисэх буудлын анхны нислэгийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ)-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо нарын албан ёсны зочид, төлөөлөгчид оролцлоо.






Улстөр нийгэм
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Улстөр нийгэм
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.


Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.
Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.



“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.
Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.









Улстөр нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2024/05/01
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэл...
-
Цаг үе2023/09/28
НИТХ: Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хурал боллоо
-
Цаг үе2025/01/28
Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв
-
Цаг үе2025/05/16
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
