Улстөр нийгэм
Нисэх онгоцны шинэ буудал долоодугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долоодугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долоодугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долдугаар сарын 4-нд онгоцны буудлын нээлт хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой санхүүгийн ямар асуудал байна, үүнийг Засгийн газарт оруулаарай” гэсэн юм.
Шинэ нисэх онгоцны буудал 2006 оноос хойш яригдаж эхэлсэн. Ийнхүү 15 жил дуншсан шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай хамт Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулаарай. Шаардлагатай тохиолдолд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт төв бий болох шаардлагатай. Ажлын байр бий болгож, тээврийн томоохон төвүүд байршиж, төлөвлөлтийг нягт хийгээрэй. Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай ярьж, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Нисэх онгоцны буудлын удирдлагууд бусад орны туршлага дээр үндэслэн Засгийн газарт саналаа боловсруулж өгөөрэй. Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн, 2024 оноос өмнө дуусгах хэрэгтэй. Маршрутыг хувийн хэвшилд тулгуурлаж, хийгээрэй. Тээвэр, логистикийн төв, Улаанбаатар хотод байгаа худалдааны төвүүдийг гаргах эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтыг хийгээрэй. Сангийн сайд, Хотын дарга онцгой анхаарч ажиллаарай. Эхэлж хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд газар олголтын давуу байдал олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа газрыг солих ажлыг Хотын дарга яаралтай төр, хувийн хэвшлийн түншлэл дээр зөвлөлдөх уулзалт хийж, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулаарай. Улаанбаатар хотыг тойрсон Их тойруу хурдны замын зургийг Хөшигийн хөндийгөөр дайруулах хэрэгтэй. Улаанбаатар хот руу орохгүйгээр, Хөшигийн хөндий рүү баруун, зүүн талаас нь орж ирэх урсгалыг шийдэх шаардлагатай. Нэг жилийн дотор Хөшигийн хөндийд зөвхөн нисэх онгоцны буудал биш, Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл болон ТЭЗҮ-г гаргаж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийх хугацаатай үүрэг, даалгавар өгч байна” гэсэн юм.

Үүний дараа Богдхан төмөр зам, Их тойруу хурдны замын Хөшигийн хөндийд тавигдах хэсгийн бэлтгэл ажилтай танилцлаа. Гурван газар цэвэрлэх байгууламж байгуулж, усан сангууд барина гэдгийг албаныхан хэлж байв. Мөн газар чөлөөлөлт хийж, геологийн судалгаа хийх хэрэгтэй байгааг онцолж байлаа. Бохир, дулаан, дэд бүтцийг эхний ээлжид хийж, хэсэгчилсэн төлөвлөлт хийх хэрэгтэй байгаа аж. Ерөнхий сайд “Орон нутгийн иргэд бараа, хүнсээ татах гэж хот руу ордог биш, эндээс бараагаа татдаг болбол хотын түгжрэл тэр хэрээр буурна. Үүнтэй уялдуулж төлөвлөлтөө хийгээрэй” гэсэн юм.
Улстөр нийгэм
Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна
НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв байгуулах төсөл” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг хамтран ажиллахыг урьж байна.
Хүчин чадал: 1000 хүүхэд хүлээн авах
Ажиллах хугацаа: Жилийн дөрвөн улирал
Газрын байршил: Төрийн зүгээс зуслан барих газрын байршлыг дараах холбоосоор үзнэ үү.
Хувийн хэвшил өөрийн эзэмшиж буй газар дээр санал гаргах эрхтэй. (10-15 га газар, хотоос 40 км дотор төлөвлөх нь зүйтэй)
Нийслэлийн нийт хүн амын 35.7 хувийг 0–16 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхэд багачуудын боловсрох, чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв хүмүүжин өнгөрүүлэх, монгол ахуйг таниулах, олон улсад болон бүсийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх орчин, боломж, соёл, урлаг, спортын чиглэлээр хөгжих, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Иймд хувийн хэвшил төслийн саналыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгааг холбогдох маягтын дагуу монгол хэл дээр боловсруулж бичгээр эсвэл цахимаар 2026 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл ирүүлнэ үү.
- Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
- Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
- Утас: 976 70110071
- Цахимаар санал өгөх хаяг: https://ubppp.gov.mn/project/empty
- Цахим шуудангийн хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авах боломжтой.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань-ийг бүрмөсөн нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Шэнь Миньжуань Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Хятадын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласныг Ерөнхийлөгч өндөр үнэлж буйгаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч мөн хоёр улсын найрсаг харилцаа, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа.
Элчин сайд Шэнь Миньжуань 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан юм.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










