Улстөр нийгэм
Булганы залуус халамж горьддог хандлагыг өөрчилж хөгжилд манлайлна
Булган аймаг анхдагчдаараа алдартай. Хэн ч маргахгүй. Энэ нутгаас олимпийн анхны аварга тодорч, монгол хүн сансарт анх удаа ниссэн гэх мэтээр бидний бахархалт танил түүхүүд цааш хөвөрнө. Гэхдээ Булган аймаг хөгжлөөрөө, иргэдийнхээ амьжиргааны төвшингөөр улсдаа цуутай юу гэвэл тийм биш. Аймгуудыг өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэн жагсаахад араасаа айргийн тавд бичигдсэн гашуун үнэн бий. Газар зүйн байрлал, байгалийн үндсэн өгөгдлөө харахаар Булган шиг тансаг нь ховор. Дээрээс нь дэргэдээ уулын баяжуулах Эрдэнэт хэмээх том айл саахалтын шахуу зайтай оршдог. Энэ бүхнийг том зургаар тольдвол Булган аймагт хөгжлийн асар том боломж, нөөц байгааг харж болно.
Анхдагч гэх тодотголоороо алийн болгон голоо зогоож суух вэ, одоо хандлагаа өөрчлөх цаг болсон гэж залуус зоригтой дуугарлаа. Булган аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Нэг Булган” хөгжлийн чуулганы 500 гаруй төлөөлөгч аймгаа, улс орноо хөгжүүлэхэд залуус түүчээлэх, ачаа үүрэх цаг болсныг онцолж байв. 2019 оныг Булган аймаг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан байдаг. Энэхүү хөгжлийн чуулганыг аймгийн ЗДТГ болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Булган аймаг эдүгээ 62 мянган хүн амтай болжээ. Эрчүүд 51, эмэгтэйчүүд 49 хувийг эзэлдгээс гадна гурван хүн тутмын хоёр нь залуус гэдэг бол хүн ам зүйн бүтцийн хувьд атаархмаар тохиолдол. Гэхдээ хүн амын дунд ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн нөхцөл байдал өндөр хувьтай. Ганцхан баримт хэлэхэд, аймагт нийт 8000 өрх байгаагаас 1667 нь төрөөс үзүүлдэг халамжаар амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 1200 хүүхэд шинээр мэндэлдэг байна.

Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл ДНБ-ий 70 хувийг хөдөө аж ахуйн салбар буюу газар тариалан, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг. Газар тариалан, мал аж ахуй гэсэн хоёрхон тулгууртай байгаа нь эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарсныг илтгэнэ. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар яг энэ чигээрээ явбал 10 жилийн дараа гэхэд Булган аймаг бэлчээргүй болно гэсэн дүгнэлт гарчихсан байгааг аймгийн Засаг дарга З.Батзориг хэллээ. Сайн сайхнаараа болж бүтэж байгаагаараа манай нутгийнхан хангалттай бахархдаг, харин одоо алдаа дутагдал, засаж сайжруулах зүйлсээ залуус бид нухацтай ярилцах цаг болсон гэж тэрбээр нэмж хэлэв.

“Нэг Булган” хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид хөгжлийн асуудлаар анхаарах хэд хэдэн чухал санал дэвшүүлсэн нь сонирхол татав. Юуны өмнө Булган аймгийн эдийн засгийг олон тулгууртай болгохын тулд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байгааг олж харжээ. Энэ нутгийнхны итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Шинэ хөдөө” хөтөлбөрийг санаачилсан бөгөөд одоогоор гурван аймаг хэрэгжүүлж буй. Малын үүлдэр угсааг сайжруулах, жимс жимсгэнийн тариалалтыг хөгжүүлэх, туслах аж ахуйг сэргээх гэх мэт хэд хэдэн чиглэлээр хэрэгжүүлж байгаа “ШИнэ хөдөө” хөтөлбөрийн хүрээг тэлж, хүртээмжийг нэмэгдүүлмээр байна гэх саналыг цөөнгүй төлөөлөгч хэлж байлаа.

“Шинэ хөдөө” хөтөлбөрийг хамгийн анх Булган аймагт нэг тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр эхлүүлж байсан бол 2019 онд хоёр тэрбум, 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлсэн. Өрхийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилготой энэ хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг УИХ-д байгуулагдаад байгаа юм. Улсаас халамж горьдож суудаг буруу хандлагаа халж, бизнесийн санаагаа цаасан дээр төсөл болгон буулгаж, өрх гэр, нутаг орныхоо хөгжлийг түүчээлээрэй гэж чуулганы төлөөлөгчдөд гишүүн Ж.Бат-Эрдэнэ захиж байлаа. Төр, засаг залуусын урмыг хугалах биш хийж бүтээе гэсэн тэмүүллийг дандаа гэрэлтүүлж байх учиртайг ч олон хүн хэлсэн.

Булган аймаг усны нөөцөө нэмэгдүүлэх, газар тариалангаа дэмжих зорилгоор “Орхон говь” төслийг хэрэгжүүлэх, дотооддоо авто замын сүлжээгээ сайжруулах, орон нутгийн нислэгээ эргэн сэргээхээр холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, хөөцөлдөж эхэлжээ. Булган аймагтай хил залгаа Хөвсгөл, Орхон аймаг гэсэн хоёр аймаг хоёулаа 100 гаруй мянган хүн амтай, аялал жуулчлал, үйлдвэрлэл өндөр хөгжсөн онцлогтой. Үүнийг зэх зээл, эрэлт хэрэгцээ гэж харж, үйлчилгээний салбараа богино хугацаанд хөгжүүлж чадвал ирээдүй байгааг олж харах ёстой гэдэг дээр энэ удаагийн чуулганаар залуус санал нэгдлээ.



Б.ТҮВШИНТӨГС
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
