Шударга мэдээ
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа.
Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.
Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.
Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв.
Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.
Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.
Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.
Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.
Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усны ордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраас "ОюуТолгой" ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн "ОюуТолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан "ОюуТолгой" ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм.
Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв.
Шударга мэдээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





Шударга мэдээ
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар авах боломжийг бүрдүүлж байна
Нийгмийн даатгалын байгууллага нь иргэдэд нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ажилтан, албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, цаг ашиглалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, мэдээллийн технологийн ажилтнууд "Грийн Софт" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болон Чатбот үйлчилгээ хөгжүүлэлтийн менежер Н.Ахмаралтай уулзаж, тус компанийн чатбот үйлчилгээний давуу тал, онцлогийн талаар ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар цахим хуудсандаа уг үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар 9 дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхлэхээр ажиллаж байна.
Цаашид 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газрууд цахим хуудсандаа чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр дуудлагын төвд ирэх ачаалал буурах, иргэдийн хэрэгцээг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанарыг үнэлэх, сэтгэл ханамжийг бодитой бөгөөд цаг алдалгүй хянах боломж бүрдэх юм.

-
Цаг үе2022/11/15
Он гарснаас хойш импортоор нийт 7145.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ...
-
Улстөр нийгэм2025/03/11
“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд УИХ-д үргэлжлүүлэн дадла...
-
Цаг үе2019/11/22
БНСУ-ын Пусан хотод зорчих иргэдийн анхааралд
-
Үзэл бодол2024/11/28
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өрг...
