Улстөр нийгэм
Х.Чимгээ: Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил олон гарч байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.
-Хатуу хөл хорионы үед НМХГ хэрхэн ажиллаж байна вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьдчилан сэргийлэх шалгалт, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ хийдэг. Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд нийт 4359 газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 463 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 51.7 хувийг газар дээр нь арилгууллаа. Тухайлбал, худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлэхгүй зөрчил олон гарч байна.
-Хүнсний аюулгүй байдалд ямар байдлаар хяналт, шалгалт хийж байна вэ?
-Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хяналтаа тавин ажиллаж байна. Тухайн худалдааны төвд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, гарал үүслийг хянана. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэх, борлуулагч халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаа, тээврийн хэрэгсэлд угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн эсэх гээд шат шатны хяналтыг хийж байна. НМХГ-ын улсын байцаагч нар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийдэг. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лангуу тавиурын битүүмжлэл хийгээгүй, халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг мөрдөөгүй, QR кодын дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж ажиллаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа. Түүнчлэн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, худалдааны газрын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хөл хориотой холбоотойгоор хүнсний томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрсөн. Иргэд гэрийнхээ ойр орчмын хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөр тооцоогоо цахим картаар хийж байна. Мөн НМХГ нь аж ахуйн нэгжүүдийн объект, орон сууцны орц хонгил, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавин, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа гэв.
Иргэд зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахимаар болон шуурхай албаны 7012-8012 дугаарт хандан мэдээлэх боломжтой. Мөн энэ дугаараас зөвлөн туслах үйлчилгээ болон хууль, эрх зүйн мэдээлэл авах боломжтой юм. Иргэн та гэртээ байж, хөл хорионы дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
