Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ

Огноо:

,

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-г нь сонгож, УИХ-д санал болгох юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилох ёстой. Харин 64-2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг. Гэтэл 17 нэр дэвшигчид дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх “хараат” гэж хэлж болохоор хэд хэдэн хүн байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тэд хэн бэ?

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг зүтгүүлжээ

Дугардоржийн Баяндүүрэн. “Сонгуулийн ерөнхий хорооны” гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд  СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа  2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн. Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно. Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд  нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2  дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна. Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн  шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр найзыгаа Цэцэд 2 дахиа зүтгүүлж байна

Дорждамбын Зүмбэрэллхам:  Энэ хүн Цэцийн гишүүн болохоор 2 дахиа зүтгэж буй. 2017 онд одоогийн Цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нартай хамт нэр дэвшин өрсөлдсөн ч тодорхойгүй шалтгаанаар нэрээ татсан байдаг.  Харин энэ удаад улс төрийн ямар тоглолтод орсныг таашгүй. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр ажиллаж байгаад БНСУ-д Элчин сайдаар томилогдож байсан түүнийг Н.Энхбаярын найз гэдэг. Тэрбээр МАХН-ыг МАН-тай нэгдэхээр яригдаж буй энэ үед Цэцийн гишүүнээр 2 дахиа нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Энэ удаад нэрээ татах эсэхийг таашгүй.

Лу.Болдын дагуул

Отгонбаярын Машбат:  Ерөнхийлөгч Баттулгын зөвлөх Лу.Болдыг хаана очно, тэнд дагаж явдаг “сүүдэр” нь хэмээн түүнийг тодорхойлж байна. Лу.Болдыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхаас эхлэн туслахаар нь ажилласан гэдэг. Сүүлд ГХЯ-ны сайд болоход зөвлөхөөр нь  ажилласан. Лу.Болдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь ажиллахад Аюулгүй байдал судлалын хүрээлэнг гэх төрийн өмчит тинк-танк байгууллагын захирал болсон бололтой.

Хууль, улстөрийн чиглэлээр мэргэшсэн байх шалгуурыг хангаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхийнхөө “сүүдрийг” Цэцэд нэр дэвшүүлээд байгаа нь тохиолдол гэж хэлвэл худал болно байх.

МоАХ-ны анхны партизан

Чүлтэмийн Отгонбаяр: УИХ-ын гишүүн асан. 1996-2000 онд Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. МоАХ-ны анхны эмэгтэй партизануудын нэг. Ерөнхийлөгч Х.Баттулгатай ардчиллын партизан, нутаг нэгтэй гэдгээрээ улс төрд нэг баг болж явдаг.

УИХ-ын гишүүн байхдаа гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй.

Өмгөөлөгч Б.Пүрэвнямын суудлыг залгамжлагч

Банзрагчийн Ганбаатар: Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан. Хууль зүйн магистр. Хуульчдынхаа дунд эцэг хуулийг хамгаалах хэмжээний мэргэшсэн хуульч гэж хүлээн зөвшөөрөгддөггүй.  Зөвхөн өмгөөллийн салбарт ажилласан туршлагатай нэгэн аж. Түүнийг өмнө нь Цэцийн гишүүн байсан өмгөөлөгч Б.Пүрэвнямын нөлөөгөөр Цэцийн гишүүнд нэр дэвшсэн гэсэн яриа өмгөөлөгчдийн дунд байна.

Ц.Элбэгдоржийн Цэцэд сойсон хүн ил гарлаа

Дашдэвэгийн Эрдэнэчулуун:  Хуулийн салбарт нотариат, арбитрчаар ажилласан намтартай. Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, гишүүн,  Дээд шүүхэд Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч  байх үеэс ШЕЗ-д ахлах мэргэжилтнээр ажиллаж, шүүхийн салбарын карьерээ эхэлсэн. ШЕЗ-ийн гишүүн асан тэрбээр шүүгчдэд  нөлөөлнө гэсэн хардлага бий.

МАН-ын нэртэй хуульчийг хүүгээр нь дамжуулан урвуулсан уу

Ванчигийн Удвал:  Хууль зүй, дотоод хэргийн  дэд сайдаар ажиллаж байсан. 10 гаруй жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байсан. Одоо 2 дахиа Цэцийн гишүүнд нэр дэвшиж байгаа.

Тэрбээр Цэцийн гишүүн байх хуулийн шалгуур шаардлагыг хангасан,  хуулийн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн нэг мөн. Гэхдээ түүний хүү С.Майзоригийг сүүлийн үед улс төрийн том тоглоомын нэг хэсэг болсон хуульч гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дахин нэр дэвшсэн тохиолдолд МАН-аас нэр дэвших хамгийн том өрсөлдөгч гэж үзэж байсан Сү.Батболдыг “оффшороор” намхан ажиллагааг энэ залуу удирдан зохион байгуулж буй. Олон улсын шүүхэд өгсөн шоуг хийсэн гол эзэн бөгөөд  Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэл хүлээсэн хуульчдын нэг аж.  Тиймээс МАН-ын гишүүн, нэр хүндтэй хуульч ээжээр нь дамжуулан Цэцэд нөлөөллөө үүсгэхээр В.Удвалыг ийнхүү дахин нэр дэвшүүлээд байгаа аж.

Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл Цэцэд шургалах  уу?

Баасанхүүгийн Ганзориг: Улс төрд чимээ алдарсан ч сүүлийн үед Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх олон түмний шаардлагад гүйцэгдээд байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч Цэцэд өөрийн хүнээ оруулахаар чимээгүй зүтгэж байна. Тэр хүн нь МАН-ын “Шинэ зуун” төвийн дарга гэх  Б.Ганзориг аж. Тэрбээр Үндсэн хуулиар Цэцийн гишүүнд тавигддаг шаардлагыг үл хангах, хууль болон улс төрөөр ч мэргэшээгүй энэ салбарт огт танихгүй шахам  нэгэн гэнэ. Харин түүний намтарт гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны ассоциац гэх ТББ-ын ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн ажлын түүх байгаагаас харахад тэрбээр Оюутолгой зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулалттай компаниудын ашиг сонирхлыг хамгаалах Цэц дэх  бас нэг “хараат” гишүүдийн нэг болно  гэсэн болгоомжлол байна.

 

Хуульд биш зөвхөн Ц.Нямдоржид захирагдах хүн Цэцэд шургалах уу

Ганбатын Элбэгсайхан: МАН-ын угшилтай нэгэн. Тэр дундаа ХЗДХЯ-ыг өмчилж авсан мэт үе үеийн Засгийн газарт энэ салбарын сайдын албан тушаалыг хашдаг байсан Ц.Нямдоржийн гараар бэлтгэгдсэн хуульч. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед энэ яамны дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Цэцийн гишүүнээр томилуулахаар Ц.Нямдорж санаа тавьж байна. Магадгүй шүүгчид ч дэмжих байх. Гэхдээ Цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд энэ хүн хуульд биш, зөвхөн Ц.Нямдоржид захирагдана гэсэн яриа хуульчдын дунд байна.

УИХ-ын даргын “багийн” нэр дэвшигч

Жуужаагийн Эрдэнэбулган: Хууль зүйн  доктор. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, зөвлөх Д.Лүндээжанцан нартай нэг баг болон ажилласан хуульч. Энэ нь түүнд Үндсэн хуулийг хамгаалах эрхийг олгож магадгүй ч хуульчдын дунд түүнийг “онолын” хуульч хэмээн үнэлдэг юм байна. Учир нь МУИС-д багшаас эхлээд Хууль зүйн сургуулийн захирал хүртэл ажилласан тэрбээр  практик туршлагагүй. Тиймээс УИХ-ын дарга, зөвлөх нар түүнийг шүүгчдээр хичнээн дэмжүүлж гаргаж ирсэн ч  Цэц дэх маргаантай хэргүүдэд зангарагтай шийдвэр гаргахад жульдах магадлалтай.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна.  Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Огноо:

,

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.  

Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.

Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ. 

Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Цаг үе2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Улстөр нийгэм2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Цаг үе2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Цаг үе2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Цаг үе2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Шударга мэдээ2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Улстөр нийгэм2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Улстөр нийгэм2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Цаг үе2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Санал болгох