Улстөр нийгэм
"Богдхан" төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.
Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.
"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.
"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Улстөр нийгэм
Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа.
Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.
Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна.
Улстөр нийгэм
"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэлээ. "Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгав. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй,алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулахчиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгов.
Улстөр нийгэм
Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэхийг судална
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар захирамжаар байгуулагдсан Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас төрийн болон орон нутгийн өмчит 18 байгууллага нийт 482.48 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн өр төлбөр өнөөдрийн байдлаар 27 зээлдэгчийн 1.3 их наяд төгрөг байна. Танилцуулгатай холбогдуулан,
- Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулж, танилцуулах, шийдвэрлүүлэх;
- Авлагад тооцон хүлээн авсан хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангуулах;
- Хөрөнгө худалдсаны орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
-
Үзэл бодол2022/12/07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс “Чингис” бондын өрийг бүрэн т...
-
Улстөр нийгэм2021/05/11
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2025/03/19
Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр ...
-
Улстөр нийгэм2022/04/15
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...