Шударга мэдээ
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүлээлгэн өгч дууслаа
Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Өнгөрөгч долоо хоногт БГД, БЗД, СБД-үүдэд нийт 1721 өрхөд хүний багц хүлээлгэн өгсөн юм. Харин өнөөдөр СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Э.Ниндэв нарт 300 хүнсний багцыг хүлээлгэн өглөө. Мөн ХУД-т нэмж 200 өрхийн хүнсний хангамжийг хүлээлгэн өгснөөр нийт 2221 өрхөд одоогийн байдлаар хүнсний багц олгоод байна.
Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед “дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг и мартын хамт олон хэлж байсан юм.




Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
Шударга мэдээ
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Шударга мэдээ
1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталсан.
Тус тогтоолтой холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мэдээлэл, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулах, өв хүлээн авах ажиллагаанд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Улсын бүртгэлийн байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
Энэ хүрээнд ХУР системд 3 шинэ сервис хөгжүүлэн нэвтрүүлж, Монголын Нотариатчдын танхимд ашиглалтад хүлээлгэн өглөө.
Шинээр нэвтрүүлсэн сервисүүд нь өв залгамжлалтай холбоотой мэдээлэл солилцоог шуурхай болгох, байгууллагуудын уялдаа холбоог хангах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чиглэж байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
